
Жудо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ энэ жил Бүх ард түмний спортын 13-р их наадмын хүрээнд явагдаж байгаа. Энэ удаагийн шигшээ тэмцээнд Монголын жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпийн аварга, МУГТ Н.Түвшинбаяр, ОУХМ С.Ням-Очир, эмэгтэйчүүдээс МУГТ М.Бундмаа, ОУХМ П.Лхамдэгд, Ц.Мөнхзаяа, М.Уранцэцэг нар өнжиж байгаа юм. Харин Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, МУГТ Х.Цагаанбаатар жин өгсөж 73 кг-ийн жинд зодоглосон. Тэгвэл ОУХМ С.Мияарагчаа өөрийн жиндээ буюу 66 кг-ийн жинд өрсөлдөж байгаа юм. Харин улсын аваргын шигшээ тэмцээнийг үзэгчийн суудлаас үзэж байгаа олимпийн аварга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяртай цөөн хором ярилцлаа.
Сур: Энэ жилийн улсын аваргыг та өнжиж байна? Яагаад тэр вэ?
Н.Түвшинбаяр: Бүх ард түмний спортын 13-р их наадам яг олимпийн жилд болдог учраас бага зэрэг хүндрэлтэй байдаг. Учир нь олимпийн бэлтгэлдээ ороод жигдрээд явж байгаа тамирчдад бага зэрэг хүндрэлтэй гэх үү дээ. Гэхдээ шинэ залуу тамирчид улсын аваргаар төрөн гарч ирэхийг харах, бас барилдаануудыг нь үзэхэд сайхан байна.
Сур: Жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн Бүх ард түмний спортын 13-р их наадмын хүрээнд явагдаж байгаа. Та энэ талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
Н.Түвшинбаяр: Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн олимпийн жил гэдэг утгаараа асар их онцлогтой болдог. Яагаад гэхээр олимпийн жилд болдог улсын аваргын тэмцээнээр шинэ залуу тамирчид шилжин гарч ирж байдаг. Тэгэхээр энэ улсын аваргаар амжилттай барилдаж байгаа мөн медаль авч байгаа залуу тамирчид ирэх олимпийн циклд бэлтгэгдэнэ л гэсэн үг л дээ. Тийм болохоор залуу тамирчдын хувьд асар их ач холбогдолтой тэмцээн юм.
Сур: Удахгүй 4-р сард жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд та оролцох уу?
Н.Түвшинбаяр: Одоохондоо би оролцох эсэх нь хараахан тодорхой болоогүй байна. Хэн хэн оролцох ямар тамирчид Азийн аваргад барилдахыг багш, дасгалжуулагч нар шийдэх байх. Ерөнхийдөө тухайн тамирчныг олимпийн чансаа, оноог нь харж байгаад эхний 4-т байна уу, 5-рт байна уу, аль тамирчинтай сугалаанд яаж орох вэ? гэдгийг багш, дасгалжуулагчид харгалзаж үзэж байж шийдвэрлэх байхаа.
Сур: Ирэх 6-р сарын 01-ний өдөр IJF буюу Олон улсын жудо бөхийн холбооноос олимпийн эрхийн оноогоо цуглуулсан тамирчдыг жагсаана. Энэ жагсаалтаар олимпийн эрх авсан жудочдын нэрс тодорхой болно. Тэгэхээр өөрөө жиндээ дэлхийд хэддүгээр байрт жагсаж байгаа вэ? Таны бэлтгэл хэр байна?
Н.Түвшинбаяр: Бэлтгэл сургуулилт төлөвлөсний дагуу л хийгдэж байгаа. Одоо жиндээ дэлхийд 6-р байрт жагсаж байгаа. Манай улсын жудо бөхийн шигшээ багийн тамирчдаас нэлээд хэдэн тамирчид олимпийн эрхийн оноондоо ойрхон, чансаа өндөртэй жагсаж байгаа.
Сур: Олимпийн хошой аварга болж жудо бөхийн сонирхдог, энэ спортыг дэмждэг, мөн хичээллэдэг олон хүмүүсийг баярлуулаарай. Таньд амжилт хүсье.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ