
Ирэх сараас олгож эхэлнэ гэж байсан иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил хойшлогдоод байгаа. Одоогоор цахим үнэмлэх хэвлэх программыг суулгаж дууссан байна. Харин гаднаас ирэх үнэмлэхний бэлдэц орж ирээгүй байгаа гэсэн шалтгаанаар ийнхүү хугацаа нь хойшилсон хэмээн өнөөдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрынхан мэдээллээ.
Өчигдөр цахим үнэмлэх олгох ажлын хэсгийн хуралдаан болж ийнхүү албан ёсны тайлбарыг өнөөдөр хийж байгаа юм. Ажлын хуралдаанаас гарсан мэдээллээр цахим үнэмлэхний бэлдэцийг ирэх дөрөвдүгээр сарын 6-аас долоон хоногийн хугацаатай есөн удаа оруулж ирснээр хэвлэлт эхлэх юм байна.
Орон нутгийн иргэдийн цахим үнэмлэхийг зургаан сарын 1 гэхэд хэвлэж дуусгах бол нийслэлийнхний үнэмлэхийг зургаан сарын 9-ний гэхэд хэвлэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Бэлэн болсон цахим үнэмлэхүүдийг лацдаж, тусгай машинаар аймаг бүрт хүргэх гэнэ. Аймгийн иргэний бүртгэлийн газрууд дараагийн шатны байгууллагуудад тараах замаар зургаадугаар сарын 15-ны өдөр орон нутгийн, харин Улаанбаатар хотын иргэдийн цахим үнэмлэхийг зургаадугаар сарын 21-ний дотор тарааж дуусгах гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ