
“Монголын геологи, хайгуул 2012" чуулга уулзалт өчигдөр МҮЭСТО-д эхэллээ. Уул уурхайн хөгжлийг тодорхойлогч 70 жилийн түүхтэй энэ салбарынхан уг чуулганыг дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтад гадаад дотоодын компаниуд, ханган нийлүүлэгчид оролцож бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулж олон улсын төлөөлөгчид уригдсанаараа онцлог аж.
Энэхүү чуулганыг ЭБЭХЯ, АМГ, МХЕГ, "Монголын Үйлдвэрлэлийн Геологичид" Холбоо, Монголын Геологийн Холбоо, ШУТИС-ийн Геологи, Газрын Тосны Сургууль, МУИС-ийн Газарзүй, Геологийн Сургууль, Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоо, Монголын Геофизикчдын Холбоо, ШУА-ийн Геологи-Эрдэс Баялгийн Хүрээлэн, Палеонтологийн Төв хамтран зохион байгуулж байна.
Чуулганы үеэр, шинээр “Монгол улсын алдарт геологич” хэмээх цол өргөмжлөлийг гардуулах ёслол болж Тавантолгойн ордыг нээж, тэнд ажиллаж байсан геологчдод ЭБЭХ-ний сайд Д.Зоригт өргөмжлөлийг гардууллаа. Хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтаар цаашдын ажилдаа шинэ санаа гаргах, шийдвэрлэх асуудлын зөвлөмж гаргах бөгөөд Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын эдийн засаг ба менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудал зэргийг хөндөх юм. Чуулга уулзалтын хүрээнд "Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис" үзэсгэлэн, "Монгол орны байгаль хайгуулчдын дуранд" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг оролцогчдоос гадна иргэд сонирхон үзэв.
Монгол орны геологийн тогтоцыг нарийвчлан тогтоох, тэдгээртэй холбоотой үүссэн ашигт малтмалуудыг олж илрүүлэх, тэдгээрийн тархалт, зүй тогтлыг судлан нутаг дэвсгэрийн геологийн судалгааны түвшинг дээшлүүлж Монгол орны геологи-эрдэс баялгийн мэдээллийн санг баяжуулж, эрдэс баялгийн потенциалийг өсгөн нэмэгдүүлэх, ингэснээр ирээдүйн уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр жил бүр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ. Үүний дагуу 2010 онд 4,0 тэрбум төгрөгөөр 35 төсөл хэрэгжүүлж байна. 2011 онд Улсын төсвийн хөрөнгөөр Геологийн судалгааны ажлыг 6,8 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ