
Өчигдрийн Эхний тоглолт лигийн тав болон долдугаар байранд явж байгаа ШУТИС, QGX компанийн 'Акулууд' болсон TLG13 багуудын хооронд болсон. Өгөө аваатай тоглодог 2 багын хувьд энэ удаа ч өмнөх тоглолтын адил сонирхолтой тоглолтыг үзүүлсэн байна. TLG13 багаас Кэн Блэйк онцгой байлаа. Түүний Дэлгэрням-н өөдөөс тоглолтын дөрөвдүгээр үед хийсэн нэг гарын хүчтэй тохолт үзэгчдийг төдийгүй багийн нөхдөө сэргээсэн юм. Уг нь Акулууд дөрөвдүгээр үед онооны зөрүүг ердөө гурав болгож ойртуулсан ч тоглолтын төгсгөлийг сайн хийж чадаагүй байна. Ингээд үндсэн цагт 69-66 харьцаатай ТЛЖ хожиж хэрэгтэй ялалтыг байгууллаа. Энэ хожил тэднийг плэйоффын байрлалын төлөөх өрсөлдөөн хэвээр үлдээж байна. Хэдийгээр гол тоглогч Кларенс Жеффрей нь тоглоогүй ч бусад залуус нь гайхалтай байсан юм.
Хоёр дахь тоглолт энэ өдрийн хамгийн сонирхолтой нь байсан. Энержи Ресурс Харцага болон ХасынХүлэгүүд багууд хүснэгтийн тэргүүн байрын төлөө хүч үзсэн. Уг нь Хүлэгүүд лигийг итгэл төгс тэргүүлж байсан ч хоёрдугаар тойрогт хоёр хожигдлыг хүлээснээр хүснэгтийн байдал бүр сонирхолтой болж ирсэн байгаа. Харцага энэ байдлыг ашиглан илүү гарахыг хичээж байсан нь ойлгомжтой. Тиймээс ч гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлтийг хийж Хүрэлбаатарын гаргасан нь үр дүнгээ өгч тэрээр эхний үед багтаа тооцоолоогүй найман оноог авчирж улмаар 18-0 харьцаатай Харцага илүүрхэж эхэлсэн юм. Гэвч энэ үеэс эхлэн Хүлэгүүд бага багаар эргэн ирэлтийг хийж эхэлсэн байна. Тэр дундаа Шарлес Картерын хамгаалалт, Пүрэвдоржийн холын зайн шидэлт, Сэдбазарын ухаалаг тоглолт эцсийн мөчид байдлыг ашигтайгаар эргүүлэхэд чухал нөлөөг үзүүлсэн. Ингээд цаг дуусахад 6 секунд дутуу байхад хажуугийн шугамнаас Хүлэгүүд бөмбөгийг тоглолтонд оролцуулж, улмаар шийдний доороос Кемарли Уиллиамс хоёр оноог авснаар 51-50 харьцаатай тус тоглолтонд Хүлэгүүд баг ялалт байгуулсан юм. Ингэснээр Хүлэгүүд 9 дахь хожлоо авч, лигийн тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдлээ.
Сүүлийн тоглолт ШШГЕГ-ийн харьяа сүлд спорт хорооны Офицер, SBL Becks багуудын хооронд болсон байна.. Чансааны хөл зөрүүтэй хоёр багийн тоглолт төдийлөн өрсөлдөөнтэй явагдсангүй. Үндсэн цагт 79-58 харьцаатай Офицерууд илүүрхснээр дөрөвдүгээр байраа баталгаажуулж үлджээ.
Хасын Хүлэгүүд 9-3
Харцага 8-4
Бүллс 8-4
Офицер 8-4
ТЛЖ 5-7
СБЛ 3-9
Шаркс 1-11
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ