
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өмгөөлөгчдийн талаар илт нэг талыг барьсан, шүүх хурлыг өмгөөлөгчид санаатай хойшлуулах, шүүн таслах ажилллагаанд саад учруулж байна гэсэн мэдээлэл нийтлэгдэж, цагдаагийн экс дарга нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг тойрсон асуудал боллоо.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж буй эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа өмгөөлөгч нараас өмгөөлөгчийн эрхээ ноцтой зөрчигдөж байна гэж үзэж, 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Монголын өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлд хандаж хүсэлт ирүүлснийг хүлээн авч хэлэлцээд үүсээд байгаа нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх, нийт өмгөөлөгчдийн эрх ашиг зөрчигдөх онцгой нөхцөлийг судалж тодорхой байр сууриа илэрхийлэхээр боллоо.
Шүүх /шүүх бүрэлдэхүүн/ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу өмгөөлөгчийн гаргасан удаа дараагийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийн оронд тэдгээрийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хясан боогдуулж, өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах тухай Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгдэгчийн эрхийг хязгаарлаж улмаар өмгөөллийн үйл ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр цагдаагийн ажилтанд үүрэг өгч өмгөөлөгчдийг өрөөнд нь түгжиж саатуулсан тухай манай нэр бүхий өмгөөлөгчид хүсэлтдээ дурдсан байна.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдааныг 2012 оны 03 дугаар сарын 29-ны өдөр зарлаж уг хүсэлтийг авч хэлэлцээд, Үндсэн хуульд заасан хүний эрхийн язгуур, дээд үзэл санаа амьгүй болж, түүний баталгааг хангах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажиллагаанд ноцтой аюул занал учирахад хүрсэний нотолгоо мөн гэж дүгнэлээ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ дагуу эдгээр өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн авах нь зүйтээ, хүсэлтэд дурдсан асуудлыг нягтлан судлах, дээрх эрүүгийн хэргийг шүүхээр хянан хэлэлцэх явцад үүссэн нөхцөл байдалд өмгөөлөгч ийм эрх хэрхэн зөрчигдсөн талаар бодитой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулах ажлын хэсгийг байгуулж энэ талаар өчигдөр мэдээлэл хийлээ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо үүсэж буй нөхцөл байдалд дүгнэлт хийж шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн эрхийг хангах, ОУ-ын болон Үндэсний хууль тогтоомжоор үндсэн эрх нь баталгаажсан хүний эрхийг дээдлэх тухай Үндсэн Хуулийн дээд үзэл санаа бодитой хэрэгжих боломж байгаа эсэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд албан тоот хүргүүлж, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааг хясан боогдуулж өмгөөллийг албадан гүйцэтгүүлэх үйлдэлтэй холбогдуулан гаргасан шийдвэрээ хуулийн хүрээнд эргэж харах, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох явдлыг гаргуулахгүй байхыг анхаарах, Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хүрээнд бие биенээ хүндэтгэн ажил мэргэжлийн эрх ашигт нийцсэн зөв шийдэл гаргахад тал бүрээсээ идэвхи санаачлага гарган ажиллахыг санал болгосон байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГААНЫ ТӨВ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ