
Шарын голын уурхай жилд нэг сая тонн нүүрс олборлоход 190 жил ашиглах боломжтой нүүрсний шинэ ордоо ЭБЭХЯ-ны улсын нөөцөд бүртгүүлжээ. Тус уурхайн одоо ашиглаж байгаа ордоос өнгөрсөн жил 350 мянган тонн нүүрс олборлосон аж. Цаашид энэ хэмжээг улам нэмэгдүүлэх шаардлагын үүднээс шинэ ордоо ашиглахаар болсон байна.
Энэ нь олон улсын стандартаар 374 сая тонн, харин Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар 198,1 сая тонн нүүрсний нөөцтэй “Шарын гол-2” хэмээх орд аж. Хуучин уурхайн хажууд эхний ээлжинд ашиглахаар төлөвлөсөн 23 сая тонн нүүрсний нөөцтэй Шаазгайтын ордын судалгааны ажил дуусч, хөрс хуулалтын ажил энэ оны эхний хагаст эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.
Уг уурхай ашиглагдаж эргэлтэд орсноор хойд бүсийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэх юм байна. Мөн олборлосон нүүрсээ угааж экспортод гаргах шинэ төсөл боловсруулж байгаагаа “Шарын гол” ХК-ийн захирал С.Насанбат сэтгүүлчдэд мэдээлэв. Түүнчлэн тус уурхайн захиргаа 2012 онд ажилчдаа хөгжүүлж, хөрвөх чадавхтай боловсон хүчин бэлтгэх зорилгоор 400 орчим уурхайчдаа мэргэжил бүрээр нь мэргэшүүлэх шат дараалсан сургалтыг зохион байгуулах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ