
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ “Эх дэлхийн цаг” аянг жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригт зохион байгуулдаг уламжлалтай. “Эх дэлхийн цаг” нэртэй аяныг Монголд зохион байгуулагчид өнөөдөр Сүхбаатарын талбайд цуглаж, энэ үдэш нэг цагийн турш лаа асаах юм. Энэ жил Улаанбаатар, Улаангом, Ховд хотуудад тус аян урьдын адил зохион байгуулагдахаас гадна Говь-Алтай аймгийн төв Алтай хотын залуус нэгдэхээ илэрхийлжээ.
“Эх дэлхийн цаг” аян Австалийн Сидней хотоос эхлэлтэй аж. Өдгөө дэлхийн 135 оронд өртөөлөн дамжаад буй тус аян эх дэлхийгээ хайрлаж хамгаалах хүсэл зорилготой хэн бүхний өмнө нээлттэй юм.
Улаанбаатар хотод 2010 оны гуравдугаар сарын 26-ны өдөр анх удаа “Эх дэлхийн цаг”-ийг зохион байгуулсан бөгөөд 4000 орчим хүн хамрагдаж, 20:30-21:30 цагийн хооронд бүх нийтээрээ гэрлээ унтрааж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлсэн. 2011 онд Улаанбаатар хотод 6000 хүн Сүхбаатарын талбайд цуглан “Эх дэлхийн цаг”-ийг дэмжсэн бөгөөд Увс аймгийн төв Улаангом хотын 1000 гаруй хүн, Ховд аймгийн төв Ховд хотод 500 орчим хүн нэгдэн эх дэлхийн төлөө цохилох зүрхтэй монгол хүн гэдгээ илэрхийлсэн аж.
Монголын нөхцөлд гэрлээ унтраан дэмжсэн хүн нэг бүрийг тоолох боломжгүй ч 2011 онд Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ. Энэ нь агаар мандалд дэгдэх байсан нүүрсхүчлийн хийн ялгарлыг 121 кг 292 граммаар бууруулсан гэсэн үг юм. Хэдийгээр лаа асаах нь ялгаагүй нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа тул үр нөлөөгүй гэж зарим хүний хандлага байдаг ч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын шалтгаан болсон байгалийн нөөцийг хэмнэх ач тустай хэрэг юм.
Дашрамд дуулгахад, дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй аж. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл, үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, автомашинаас гарч буй хүлэмжийн хий юм. Хэрвээ бид одоо эх дэлхийгээ аврахгүй бол 2035 он гэхэд өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болно гэсэн сэтгэл өвтгөм дүгнэлтийг эрдэмтэд гаргасан байдаг.
Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт гэрлийн хурдаар өсч тэр хэрээр байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэж олон мянган хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа билээ. Сүүлийн 50 жилд дэлхийн уур амьсгалд маш их өөрчлөлт гарсныг олон тоо баримт, үйл явдал батлан харуулж буй.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг сануулдаг байна.
Тиймээс эх дэлхийн нэгээхэн хэсэгт амьдарч байгаа Монголчууд та бүхэн энэ өдөр 20.30-21.30 цагт “Эх дэлхийн цаг”-тай нэгдэж, гэрэл цахилгаангүй ганцхан цаг өнгөрүүлэхийг уриалж байна. Өнөөдөр хэмнэсэн нэгхэн цаг ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ