Даяарчилсан Монголын ардчилал, социализм, капитализмыг яаж босгох вэ?

img

21-р зуунд даяарчилсан, хүчирхэг үндэстэн болсон цагт л сая Монголчууд бид амгалан, тайван амьдрах боломжтой болно. Монгол орон ардчилсан орон болж, даяарчилсан үндэстэн болохын тулд урьдаар намт төрөөс салах ёстой, шударга ёс, эрх чөлөөг эрхэмлэдэг худал ярьж, хулгай хийдэггүй хүмүүстэй, хүчирхэг гүрнийг бий болгож байж л даяарчилсан үндэстэнг бий болгож чадна. Монголчууд бид хэт зүүний социализмаар 70 жил амьдарч хувь хүний тухай ямар ч ойлголтгүй явж, хэт барууны либерализм дээр тулгуурласан ардчилал буюу анархизмаар 22 жил дарлуулж хүн бүр амин хувиа хичээсэн “хүн хүндээ чоно” гэсэн арчаагүй нийгмийг байгуулж, зэрлэг капитализмын хөлд чирэгдэн 20-иод жилийг хоосон ходоодтой гуйлга гуйж өнгөрүүллээ. 70 жилийн хугацаанд Монголчууд бид олон бүтээн байгуулалтуудыг хийж бүх нийтээрээ бичиг үсэгтэй болж, бөө хуурснаасаа салсан, томоохон хэмжээний аж үйлдвэрийн паркуудыг бий болгож, нүүдлийн мал аж ахуйгаас фермерийн мал аж ахуйд шилжиж дэвшсэн, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гэх мэт аж үйлдвэрийн хотуудыг бий болгож чадсан байсан. Харамсалтай нь ардчиллын гэгдэх анархист 22 жилд эмээ өвөө, аав ээж, ах эгчийнхээ залуу халуун нас, хөлс хүчээ шавхан байж барьж байгуулсан бүтээн байгуулалтуудыг арчаагүй хувиа хичээсэн хэдхэн нөхдийн балмад үйл ажиллагаанаас болоод үрэн таран хийж, устгаад дуусгасан. Өнөөдөр Монгол улсын гадаад өр нь ДНБ-ээсээ давчихсан нэг ёсондоо дампуурчихсан байна. Энэ хэвээрээ хэдхэн жилийн дотор л Монголчууд бид аль нэг улсын албан ёсны колони улс болоход ойрхон байна. Хэрхэн энэ бүх асуудлуудаас ангижирч нийт Монголчуудыг сайн, сайхан амьдралд хүргэх вэ? Одоо Монголчууд бид ямар улс төртэй, ямар эдийн засагтай, ямар нийгмийн бодлоготой орныг байгуулах вэ? Даяарчилсан Монголын ардчиллыг хэрхэн байгуулах вэ? Үнэхээр л ардчиллыг байгуулахыг хүсэж байгаа юм бол эхлээд намт төрийг устгаж бүх намыг гишүүнчлэлгүй болгох ёстой ба зөвхөн улс төрийн үзэл баримтлалууд дээр тулгуурласан дэмжигчидтэй л байх хэрэгтэй. Намын хэт хатуу гишүүнчлэлтэй байх нь Монголын хувьд ардчиллыг байгуулахад маш том саад болж байна. Яагаад гэвэл аль нэгэн намын гишүүн болсноор бусад намын гишүүдэд нүд үзүүрлэгдэнэ, магадгүй тухайн хүний ажлын газрын дарга нь өөр намын хүн байвал шууд л ажлаасаа халагдана. Энэ бол зөвхөн хамгийн наад захын жишээ. Үүнээс өөр маш олон төрлийн жишээ байна. Энэ нь ардчиллын тулгуур үнэт зүйлийн нэг болох хүн бүхэн тэнцүү (equality) гэсэн зарчмыг алдагдуулж байна. Тийм учраас Монголд одоо байгаа бүх намыг татан буулгаж, шинээр байгуулах ёстой. Улс орон хөгжихийн тулд үүнээс өөр гарц байхгүй. Нам болон талцсаны гайгаар Монгол улсад хэрэгтэй олон хууль батлагдахгүй парламентийн хэлэлцүүлэгт унаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн одоо байгаа намуудыг татан буулгаж шинээр байгуулах тухай санал өнөөдрийн Монгол оронд ус агаар мэт хэрэгтэй байна. Намуудыг татан буулгасны дараа намуудыг шинээр хэрхэн байгуулах вэ? Шинэ байгуулагдах намуудыг намын хатуу гишүүнчлэлгүй байлгах ба намууд хувийн өмчгүй байх ёстой. Шинэ байгуулагдах намын зорилго нь ард түмний төлөө байх ёстой ба хэрхэн ард түмнийг сайн амьдруулах вэ? гэсэн асуултанд хариулт өгсөн мөрийн хөтөлбөр, тунхагтай байх ёстой. Нам хувийн өмчтэй байх хувийн компани шиг ажиллах бололцоог нээж өгч байгаа ба жижиг өмчтэй нам нь том өмчтэй намуудад дээрэлхүүлдэг. Энэ нь мөн л ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж байгаа хэрэг юм. Шинэ байгуулагдах намууд төрийн эзэн бол ард түмэн гэдгийг хүлээн зөвшөөрч, улс орныг дунд давхаргын иргэд нь авч явдаг гэдгийг ойлгох ёстой. Тэрнээс биш нам улс орныг авч явахгүй. Даяарчлагдсан ирээдүйд дунд давхаргынхан гэдгээр өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой, ухамсартай хүмүүсийг хэлж байна. Даяарчилсан Монголын социализм ямар байх вэ? Хэрхэн дунд давхаргынхан буюу өндөр мэдлэгтэй, боловсролтой хүмүүсийг бий болгох вэ? Хэрхэн өндөр мэдлэгтэнгүүдийг бэлдэх вэ? Монголын хувьд дундаж давхаргад багтах хүн дэлхийн бусад улстай харьцуулахад дундаас дээгүүр санхүүгийн болоод оюуны чадвартай байх болно. Улс орны ирээдүйн эзэд бол мэдээж дунд болон бага насны хүүхдүүд. Даяарчлагдсан ирээдүйд Монгол улсыг авч явах даяарчлагдсан үндэстний сэтгэлгээтэй Монгол хүнийг хүмүүжүүлж бэлтгэхгүй л бол Монгол улс оршин тогтноход бэрх болно. Хүүхдийн хүмүүжил төлөвшил мэдээж эцэг эх, болон цэцэрлэг сургуулийн хамт олноос шууд шалтгаалдаг. Тийм учраас ирээдүйн эзэд болсон хүүхдүүдийг боловсролын салбараар дамжуулан даяарчлагдсан сэтгэхүйтэй хүнийг бага наснаас нь бэлтгэнэ. Үүний тулд цэцэрлэг, болон ерөнхий боловсролын бүх сургууль улсынх болгох болно. Яагаад гэвэл Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн үүрэг нь тухайн нийгэмд амьдрах чадвартай бие хүнийг бэлтгэх байдаг. Тийм учраас Монголын ерөнхий боловсролын сургуулиуд Монголын нийгэмд зориулж хүн бэлтгэх үүрэгтэй. Ерөнхий боловсролын сургууль нь гадных болон хувийнх байна гэдэг нь Монголын нийгэмд зориулсан хүнийг биш харин хятадын нийгэмд, эсвэл туркын нийгэмд амьдрахад зориулсан хүнийг бэлтгэж байна гэсэн үг. Энэ нь Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага болоод даяарчиллын бодлогод нийцэхгүй байна гэсэн үг юм. Тиймээс бүх Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг улсынх байх болно. Залуучууд нь Монгол үндэстний ирээдүйг авч явах учир өндөр ёс суртахуунтай, боловсон хүчин болгон бэлтгэхэд чиглэгдсэн нийгмийн бодлоготой байх ёстой. Монгол улсын иргэн л бол мэдлэг, боловсролыг үнэгүй эзэмших болно. Монгол хүний суралцаж буй бүхий л үйл ажиллагааг Монголынхоо төлөө хийж буй ариун хөдөлмөр гэж төрөөс үнэлэх болно. Тийм ч учраас бүх их, дээд сургуулиудыг үнэ төлбөргүй болгох ба харин суралцаж буй Монгол оюутан бүр тэтгэлэгтэй байх болно. Оюутан хүн тэтгэлэгтэй байснаар хоол унд, орон байр, унаа тэрэгний зардалаа олох гэж шаналан ажил хийж мэдлэг эзэмших ёстой байсан цагаасаа хороох нь багасах ёстой. Хоосон ходоод нь хүнийг мэдлэг эзэмшихэд маш том саад байдаг. Сурахын хажуугаар давхар ажил хийснээр мэдлэгийг чанартай эзэмших бололцоогүй болдог. Тийм учраас өнөөгийн Монголд чанаргүй дипломтонгууд олширч байна. Монголчууд бид ирээдүйдээ итгэлтэй байж, сайн сайхны төлөө л гэж бодож байгаа бол залуучуудын сурах нөхцөл бололцоог бүрэн хангаж өгөх ёстой. Их дээд сургуулиудыг орчин үеийн технологиор хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны иж бүрэн лаборатори, хамгийн багадаа 5 сая номтой номын сантай, багш оюутны амьдрах байртай сурах бүх бололцоог цогцоор нь шийдсэн хотхон хэлбэрт оруулах болно. Монголын 21000 төгрөг хавтгайруулан тарааж буй явдал бол нийгмийн халамжийн бодлого биш ард түмнийг боолчлох бодлого гэдгийг Монгол хүн бүр хатуу ойлгох ёстой. Ард түмэндээ ажил хөдөлмөр эрхлээд, амьдралаа аваад явах бүх бололцоог нь хааж ард түмнээ өлсгөлөн, ядуу, гуйлгачин болгочихоод ард түмнээ доромжилж 21000 төгрөг нохойд угаадас хаяж өгч байгаа мэт шидэж байна. Ард түмний ходоодоор нь тоглож байна. Даяарчлагдсан ирээдүйд Монгол хүний төлөөх нийгмийн бодлогыг ямар байлгах ёстой вэ? Ид хийж бүтээх насандаа ажлаас халагдсан хүмүүсийн ажилгүйдэл, ядуурлын эсрэг бодлого ямар байх вэ? Эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн бодлого ямар байх вэ? Гавъяаныхаа амралтанд гарсан ахмадууд, мэдлэг боловсрол эзэмшиж буй залуучуудын бодлого ямар байх вэ? Монгол улс 70 жил хэт зүүний, 22 жил хэт барууны үзэл баримтлал дунд амьдарсан. Монгол улсын нийгмийн суурь асуудлууд болох иргэдийн ажиллах ажлын байр, амьдрах орон сууц, сурч боловсрох асуудал, эрүүл мэнд, гавъяаны амралтын тэтгэвэр гэх мэт нийгмийн суурь асуудлыг социол демократ буюу зүүний бодлогоор шийдвэрлэх хэрэгтэй. Даяарчлагдсан ирээдүйд Монгол төрийн баримтлах нийгмийн бодлого ямар байх вэ? Монгол хүн цалингүй, орлогогүй байх ёсгүй. Цалингүй, орлогогүй байна гэдэг нь ямар ч амьдрах боломжгүй гэсэн үг. Тийм учраас ажилгүй хүнд үндэстний цалингийн дундажтай тэнцэх цалин олгох хэрэгтэй. Ажилгүй хүн яагаад ажилгүй байдаг вэ гэвэл ажиллах ажлын байр байхгүй болохоор, мөн тухайн ажилгүй хүний эзэмшсэн мэргэжил нь хоцрогдсон учраас ажилгүй байдаг. Ажилгүйдлийг арилгахын тулд Үндэстний хөрөнгө оруулалтын сангаас мөнгө гарган шинэ ажлын байр бий болгоно, мөн ажилгүй байгаа хүмүүст шинээр шаардлагатай байгаа мэргэжлийг эзэмшүүлнэ. Эмэгтэйчүүдэд зориулсан нийгмийн бодлого нь улс орны ирээдүйг бэлтгэх ариун үүрэгтэй эх хүн гэдэг үүднээс хандана. Хүүхэд өсгөх нь хүнд хүчир, ариун хөдөлмөр тул үндэстний цалингийн дундаж хэмжээтэй цалин авах ёстой. Ирээдүйд Монгол үндэстнийг авч явах Монголчуудыг хүн болгож өндөр ёс суртахуунтайгаар хүмүүжүүлэх нь Монгол эмэгтэй хүний, Монгол эх хүний үүрэг. Энэ үүргээ биелүүлэхэд шаардлагатай хэрэг болох бүх нөхцөлийг улс хангаж өгөх болно. Хүүхдэд зориулсан нийгмийн бодлого бол маш чухал асуудал. 18 нас хүрээгүй бүх хүүхдэд үндэстний цалингийн дундаж хэмжээнээс тодорхой хувиар бодсонтой дүйцэхүйц хэмжээний цалин өгөх ба энэ нь нас ахих тусам нэмэгдэх ёстой. Мөн хүүхэд бүрт чухал хэрэгцээтэй байдаг живх, вакцин, эм, тариа, сүү, хоол, тэжээл, цэцэрлэг, сургууль, дугуйлан зэргийг бүгдийг нь улсаас даах болно. Монгол хүүхэд бол Монгол үндэстний ирээдүй учир хайрлаж, хамгаалж, нандигнаж өсгөх ёстой. Ирээдүйд Монгол улсаа авч явах боловсон хүчин учраас хамгийн орчин үеийн мэдлэг боловсрол эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэгүүдийг бүгдийг нь эзэмшүүлж, өндөр ёс суртахуунтай хүн болгон төлөвшүүлэхэд анхаарах болно. Ахмадад зориулсан нийгмийн бодлогыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Ахмадууд бол бүх залуу нас, бүх амьдрал, бүх эрч хүчээ улсдаа зориулсан хийх бүх юмаа хийчихсэн гавъяаныхаа амралтанд гарсан амарч буй хүмүүс юм. Гавъяаныхаа амралтанд гарсан ахмадууд хамгийн багадаа үндэстний дундаж цалингаас дээш байхаар тооцоолсон тийм хэмжээний тэтгэвэртэй байхаас гадна эм тариа, эмчилгээ гэх мэт эрүүл мэндийн бүх эмчилгээ үйлчилгээг үнэгүй эдлэх боломжтой болгоно. Ахмадуудад тулгардаг бас нэг асуудал бол хорвоогийн жамаар хэн нэгний асаргаагүйгээр амьдрах чадваргүй болох явдал юм. Нас өндөр болсон ахмадуудыг хүүхдүүдээр нь асруулахгүйгээр улс анхааралдаа авч 24 цагаар асрах болно. Хэрвээ ахмадууд хүсвэл хэзээ ч очиж болдог, байгалийн үзэсгэлэнт газар, орчин үеийн технологиор хийгдсэн бие чийрэгжүүлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, асаргаа сувилгааны бүтэн цогц үйлчилгээтэй асрамжийн газруудыг байгуулах ба уг асрамжийн газрын бүх үйлчилгээ үнэгүй байх болно. Ахмад настай хүмүүс үр хүүхдүүдээрээ байнга асруулах нь үр хүүхдүүд нь ажил дээрээ алдаа гаргах, стрессэнд орох, улс орны бүтээн байгуулалтын төлөө ажиллах ёстой хугацааг өөр зүйлд зориулах гэх мэт улс орны хөгжил дэвшилд хортой сөрөг үр дагаваруудтай юм. Монголоос бусад улсад аль ч хэлбэрээр ажиллаж, амьдарч, аялаж яваа Монгол улсын иргэдэд зориулсан нийгмийн бодлогыг бас орхигдуулж болохгүй. Улс, үндэстэн оршин тогтнохын үндэс нь иргэн гэдэг байр сууринаас хандана. Монгол хүн гадны аль нэгэн улсад явж байгаад ямар нэгэн асуудалд орсон тохиолдолд Монголын төр иргэнийхээ төлөө ажиллах болно. Иргэнтэй холбогдсон зардлыг төрөөс даах болно. Инновациас үүдэлтэй гарах асуудлуудыг шийдэхэд чиглэгдсэн нийгмийн бодлого бас байх ёстой. Даяарчлагдсан ирээдүйд Инноваци буюу сайжралын процессоос үүдэн бүтээлч сүйрэл маш ихээр гарах болно. Бүтээлч сүйрэл гэж юу вэ гэвэл технологи сайжран хөгжихийн хэрээр орон тооны илүүдэл гарч ажилчид цомхотгогдон ажлаас халагдахыг хэлдэг. Технологийн дэвшлийн үр дүн нь нэг хүний хийх ажлын бүтээмжийг маш ихээр нэмдэг боловч олон тооны ажилгүйчүүдийг нийгэмд бий болгодог. Улмаар ажилгүйдэл нэмэгддэг, ажилгүйдэл нь ядуурлын түвшиндөө нөлөөлдөг. Орон тооны цомхотголоор ажилгүй болсон иргэдийг Үндэстний хөрөнгө оруулалтын сангаас үндэстний дундаж цалинтай тэнцэхээр хэмжээтэй ажилгүйдлийн тэтгэмж олгох ба ажилгүй болсон иргэдийг дахин мэргэжил эзэмшүүлэх болно. Дахин мэргэжил эзэмшсэн иргэдийг ажиллуулах ажлын байрыг бий болгоно. Нийгмийн бодлого ямар идеологи дээр тулгуурласан байхаас шалтгаалан тухайн улсын хөгжих хурд ихээхэн шалтгаалдаг. Даяарчилсан Монголын капитализм ямар байх вэ? Монгол хүн бүрийг сургаж, өндөр мэдлэг эзэмшүүлж, дээд боловсролтой болгоход асар их хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Энэ мөнгийг хаанаас олох вэ? Даяарчилсан ирээдүйд байгуулах Монголын капитализмаас уг мөнгийг гаргах болно. Капитализм гэдэг нь зах зээл гэсэн үг юм. Тэтгэврийн сан, даатгалын сан, уул уурхайгаас орж ирэх ашиг болон бусад эх үүсвэрүүд дээр тулгуурлан Үндэстний хөрөнгө оруулалтын санг байгуулах болно. Үндэстний хөрөнгө оруулалтын сангаас Үндэстэн дамнасан корпорациудыг олноор худалдаж авах ба худалдаж авсан Үндэстэн дамнасан корпорациудиас орж ирэх орлогоор Монгол улсын гэрэлт ирээдүй болсон залуу үед чиглэгдсэн бүх хөрөнгө оруулалтыг, мөн улс орны бүтээн байгуулалтыг хийх болно. Үндэстний хөрөнгө оруулалтын санг байгуулж, Үндэстэн дамнасан корпорациудыг олноор худалдан авч, шинээр Үндэстэн дамнасан корпорациудыг үүсгэн байгуулсанаар л жинхэнэ даяарчилсан бодлоготой, дэлхийн хэмжээний улс төр эхлэх болно. Монгол төрийн хамгийн гол зорилго бол Монгол хүнийг айх аюулгүй, аятай тухтай, амгалан амьдруулах юм. Монголын капитализм нь нийтийн өмч дээр тулгуурласан байна. Жижиг дунд технологийн компанийг үүсгэж байх үед хувийн өмчийн хэлбэртэй байдаг. Жижиг дунд технологийн компаниуд нь судалгаа, шинжилгээ, марткетингаа төлөвлөөд их хэмжээний үйлдвэрлэл явуулах шатанд гарч ирээд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдсанаар нийтийн өмч үүсдэг. Америкийн хувьд жижиг, дунд үйлдвэрийн хувьд л хувийн өмч байдаг бол том үйлдвэрүүд нь бүгд нийтийн өмч байдаг. Том үйлдвэрүүд нь хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа гаргаснаар нийтийн өмч болон гарч ирдэг. Харин Монголд хөрөнгийн бирж байхгүй, хөрөнгө оруулалтын сан байхгүй, их сургуульд интерпренеур судалгааны институт байхгүй. Улс орны бүтээн байгуулалтын луужин болох ёстой эдгээр байгууллагуудыг бий болгоход сэтгэл зовнихгүй зүгээр л уурхайн улс төр, уурхайн улс төрийн нам л бий болж нүүрсний улс төр явагдаж байна. Монголын өнөөгийн төрд нүүрсийг гадагш нь түүхийгээр нь зөөж тэндээс мөнгө олох л гэсэн өчүүхэн хүсэлтэй, арчаагүй нөхдүүд л дүүрсэн байна. Хүн төрөлхтөн либерализм дээр тулгуурласан социолизм, капитализмын модел нурж унаж буйг 2011 онд хүлээн зөвшөөрчихлөө. Одоо тэгвэл ямар нийгмийн төлөө улс төр хийх вэ? Ямар нийгмийг байгуулахын төлөө төр ажиллах вэ? Тухайн шинэ байгуулагдсан нийгэмд ямар нийгмийн бодлого байвал зохих вэ? Эдгээр асуултын хариулт бол мэдлэг гэсэн капитал дээр суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээ, албан ёсны гэрээт борлуулагч дээр тулгуурласан нийгэм байгуулах болно. Энэ нийгмийн хэлбэр нь төлөвших шатандаа явж байна. Мэдлэгийн нийгэмд хувийн өмч байхгүй. Нийгэмд байгаа аливаа капиталыг хэн ч хэрэглэж болно. Гэхдээ төрдөө төлбөр төлнө. Төр нь орж ирсэн хөрөнгийг ард түмний амьдралд тааруулан шударга хувиарилалт хийнэ. Мэдлэгийн нийгэмд амьдрах хүний орон сууцны асуудлыг төр даана. Төр хариуцан иргэдийнхээ амьдрах орон сууцыг барьна. Орон сууцанд амьдарч буй хүмүүс орон сууцны төлбөрийг улсдаа ажилласан цалингаасаа төлнө. Өнөөдрийн Монголчууд бидний ашиглаж буй орон сууцыг 21-р зуунд “гахайн оромж” гэж нэрлэдэг. Яагаад гэвэл сүүлийн үед Монголд баригдаж буй орон сууцнууд идэх, унтах, амрах л өрөөтэй байгаа. Яг л тэжээвэр гахайны өдөр бүр хийдэг үйлдлийг дэмжсэн өрөөнүүдтэй ямар ч мэдлэгээ дээшлүүлэх, алжаалаа тайлах боломжгүй байгаа нь нэг ёсондоо Монгол хүнийг гахайтай адилтган дорд үзэж буй хэрэг юм. Дэлхийн 2-р дайны дараа Герман, Англи гэх мэт барууны олон оронд өнөөгийн Монголд баригдсан байгаа болон 100 мянган айлын орон сууц нэрэн доор баригдаж байгаатай адилхан орон сууц барьсан байдаг. Эдгээр орон сууцанд өнөөдрийн хувьд Германы, Английн ядуучууд нь амьдарч байна. Монгол хүн ядуучуудын орон сууцанд амьдрах ёсгүй. Тийм учраас Монголчуудын амьдрах орон сууцанд төрөөс стандарт тогтоож өгөх болно. Монгол хүн унтах, амрах, идэх, алжаалаа тайлж фитнес хийх, тархиа цэнэглэж мэдлэгээ дээшлүүлэхэд зориулагдсан номын сантай, ажлын өрөөтэй, мөн гэрийн мини кино театрын өрөөтэй байхаар буюу хамгийн багадаа 7 өрөөтэй байхаар тогтож стандартыг батлах ёстой. Мөн Монгол хүн бүр хувийн эдлэн газартай байх ёстой. Даяарчлагдсан ирээдүйд байгуулах Монголын капитализмыг босгохын тулд бас нэг асуултанд хариулах ёстой. Даяарчлагдсан ирээдүйд Монгол улс дэлхийн нийт капиталын хэдэн хувийг эзэмших вэ? Хамгийн их хувь эзэмшиж буй орон эдийн засгийн болоод улс төрийн хүчтэй, зөв бодлого явуулж байгаагийн илрэл юм. 2050 онд дэлхийн ДНБ 385 триллион ам долларт хүрнэ. Үүнээс Энэтхэгийн ДНБ хамгийн их буюу 82 триллион ам доллар, Хятадын ДНБ 80 триллион ам долларт хүрч дэлхийд тэргүүлэх тухай судалгааг дэлхийн санхүүгийн судалгааны томоохон байгууллага болох City Group гаргасан. Монголчууд бид 2050 онд дэлхийн ДНБ-ийн хэдэн хувийг эзэмшихийн төлөө капитализм байгуулах вэ? 2050 онд Монголын нийт хүн амыг 5 сая хүрнэ гэж тооцоод дэлхийн ДНБ-ээс 1% буюу 3,8 триллион ам доллар эзэмшихэд нэг Монгол хүнд 760 мянган ам доллар оногдоно. Нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ хамгийн өндөрт тооцогдож байгаа Катар улсын нэг иргэнд 120 мянган ам доллар ноогддог. Хүн төрөлхтний бахархал болсон Монголыг Монголчууд бид өөрсдөө бүтээж чадна. Б.Үнэнбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

assdaa:
iim niitlel bol hevlegddeg ain?
2012-04-02
BAGSH:
SOLIOTOI HUNII UDRIIN TEMDEGLEL
2012-04-02
SAIHAN L SANAA BNA, DAANCH BIYLEH ESEH NI BIDNEES L SHALTGAALNA DAA, UNEHEER HUN BUR DOR DOROO MONGOL ULSAA HUGJUULEY GEED HUVIIN ERKH ASHIG ZUGAA ZENGELEE HOISH NI TAVIJ AJILLAVAL BOLOHGUI YUM BAIHGUI. ENE JAPANUUD CHIN JILDEE HAMGIIN URT NI 14 HONOG L AMARDAG GESEN SH DEE TEGEED ZARIM UYEDEE 2,3 HONOGOOR AMARAAD BUSAD UYED NI AJILAAAD L AJILAAD BG GEE BIZDEE TEGEED IIM UNDUR HUGJULD HURSEN BAIH BAS MNII AJIL YAH VE ULS ORNII AJIL GEED L UHEN HATAN ZUTGEDEG UHAMSARTAI HUMUUS GEJ YARIDAG 1 BODLIIN KOMMUNIST GEJ HELJ BOLOHOOR HEHE IIM BAIHGUI YUMAA GEHED ARAI JOOHON DEER UAHAMSARTAI BOLZGOOVOL HUGJIHUD CH UG NI MONGOLCHUUD SERGELEN, IQ SAITAI YUM CHIN GAIGUI L BH YOSTOI
2012-04-01
99:
Mongoloos ene deeremchin darga angiig toruulen gargaj baigaa nam MAH-Hort Havdariig zailuulbal irgen hun ulsiinhaa ezen n boloh ehlel n tavigdahgaad baina. MAH-ii sulbeenii buh darga nar deeremchin-darga gedeg bird bolood toriin baiguullaguudiig buzarlaj duusch baina!
2012-04-01