
Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт ихэсч, түүнд насанд хүрээгүй хүүхэд холбогдох нь нэмэгдэж байна. Хүүхдийн гэмт хэргийн шалтгаан нь ядуурал, амьдралын доогуур түвшин, сургууль завсардалт, эцэг эхийн хараа хяналт сул, гэр бүл дэх хүчирхийлэл, зүй бус харьцаа, хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх боломж хязгаарлагдмал зэрэгтэй холбоотой. Иймд Монголын Хүүхдийн ордонд өнөөдөр 14.00-16.00 цагт Хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх” олон нийтийн санаачилгын аяны хүрээнд “Хүүхэд насаа хайрлая” улсын VI зөвлөгөөн болно.
2005 оноос хорих болон хорихоос өөр төрлийн ял эдэлж буй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, хүүхэд өсвөр үеийнхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохиогдож буй уг зөвлөгөөнийг ЗГХА-Хүүхдийн төлөө газар, Дэлхийн зөн Монгол хөтөлбөр, хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, 21 аймгийн Хүүхдийн төлөө хэлтэсийн удирдлага болон 120 гаруй хүүхдүүд, төр, засгийн болон ТББ, ОУБ-дын нийт 200 орчим төлөөлөгчид оролцоно.
Зөвлөгөөний үеэр төлөөлөгчид хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах олон нийтийн санаачилгын аяны хүрээнд хийсэн ажлыг дүгнэх, санал солилцох, санаачилгатай ажилласан байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг урамшуулах, идэвхижүүлэх, олон нийтийн санаачилгын дэд зөвлөлүүдийн хүрээнд зургаан салбар хэлэлцүүлгээс тулгамдаж буй гол асуудлаар ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ