
Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд он гарсаар 23 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас, өнөөдрийн байдлаар Булган аймгийн нутагт хоёр түймэр цурманд байгаа аж.
Тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн нутаг, Зүүн тарвагатай гол, “Сангалтайн ам” гэдэг газар өнгөрөгч сарын 27-нд 30 га талбай хамран гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болох нийт 33 хүн ажиллаж цурманд оруулжээ. Мөн тус аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн нутаг, “Баянголын Жаргалант” гэдэг газар өнгөрөгч сарын 26-нд 10 га орчим талбайг хамарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж цурманд оруулж тус тус бүрэн унтраахаар ажиллаж байна.
Харин Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг, Хантайн нурууны хойд тал, “Сайхан аргамжийн гол”-ын орчим өнгөрөгч сарын 27-нд дөрвөн га талбай хамран гарсан ой түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн ажиллан бүрэн унтраажээ. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн нутаг, “Гурван харгана” гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэд ажиллан бүрэн унтраасан аж.
Дулааны улирал эхэлсэн цагаас хөдөө орон нутагт ой хээрийн түймрийн гаралт нэмэгддэг тул түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах, түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгохыг ОБЕГ-аас анхааруулж буй. Мөн түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ