Хоногт 21600 ширхэг цахим үнэмлэх хэвлэхээр төлөвлөжээ

img

Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 498 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан иргэн бүрт олгохоор төлөвлөөд байгаа. Энэ сарын 6-ны өдөр Францаас эхний 60 мянган бэлдэц ирснээр цахим үнэмлэхийг хэвлэх ажил албан ёсоор эхлэх юм. Хэвлэлтээс гарсан багц үнэмлэхийг нэн тэргүүнд алслагдсан аймгуудад хүргэх бөгөөд эхний ээлжинд Дорнод, Увс, Баян-Өлгий, Завхан, Ховд зэрэг аймаг дарааллын дагуу иргэний цахим үнэмлэхээ хүлээж авах юм. Франц улсаас долоо хоног тутамд үнэмлэхийн бэлдэц ирэх бөгөөд түүнийг хоёр машинаар хэвлэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын “Датакарт” компанийн иргэний үнэмлэх хэвлэх “МХ 6000ТМ” маркын хоёр машиныг холбогдох нууцлалын төхөөрөмж, програм хангамжийн хамт оруулж ирээд байгаа билээ. Нэг хэвлэх машин хоногт 21 цаг буюу 75600 секунд ажиллаж,  нэг иргэний үнэмлэхийг 3.5 секундэд хэвлэнэ гэж тооцоход хоногт 21600 ширхэг иргэний үнэмлэх хэвлэхээр орон нутгийн иргэний үнэмлэх хэвлэх хуваарийг тус тус тооцож гаргаад байгаа аж. Улсын хэмжээнд нийт сая 990 мянган цахим үнэмлэх хэвлэх бөгөөд үнэмлэхийг дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 9-ний өдрийг дуусталх хугацаанд бүрэн хэвлэж дуусгахаар төлөвлөжээ. Ийнхүү хэвлэгдэж бэлэн болсон иргэний үнэмлэхийг нислэг үйлддэг есөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст онгоцоор хүргүүлэхийн зэрэгцээ хэвлэгдсэн иргэний үнэмлэхийг нэг ч хоног саатуулахгүйгээр түгээх ажлыг орон нутгийн нэгжид чиглэл өгч, нислэг үйлддэг компаниудтай хамтран ажиллах гэрээ хийж, зохион байгуулж байгаа аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ