
“Хүн-хөдөлгөөн-хөгжил” сэдэвт спорт өдөрлөг өнгөрөгч бямба гаригт "Буянт-Ухаа" цогцолборт боллоо. Тус өдөрлөгт facebook, twitter, biznetwork хэрэглэгчдийн төлөөлөл болсон, сайн дурын 20 гаруй баг тамирчид оролцож, сагсан бөмбөг болон гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн төрлүүдээр өөр хоорондоо хүчтэй өрсөлдсөн юм.
Сагсан бөмбөгөөр “Твиксерс”, “Соёмбо”, “Доргио дайчид” багууд, гар бөмбөгөөр “Бизнетворк”, “Булган аймаг”, “Оюунлаг” багууд эхний гурван байрыг эзэлж, тус бүр 500.0-300.0 мянган төгрөгийн шагнал хүртжээ.
Харин ширээний теннисийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Цэнджав, Батзаяа, Батмөнх нар, эмэгтэйчүүдээс Гантуул, Тунгалаг, Насанжаргал нар эхний байруудыг эзэлж, 50.0-30.0 төгрөгөөр шагнуулсан байна.

Мөн шатраар Төгөлдөр, Гантуул нар тэргүүлжээ. Мөн үеэр Ерөнхий сайд С.Батболдоор ахлуулсан “Алтайн бүргэдүүд” баг болон “Бодь” группийн Ерөнхийлөгч М.Зоригтын дасгалжуулсан “Сүхбаатар аймаг” группийн тамирчдын хоорондох сагсан бөмбөгийн тоглолт хамгийн сонирхолтой үзүүлбэр болов.

Ерөнхий сайдын багийг ялсан Сүхбаатарчууд группийнхээ нэрэмжит холын зайн шидэлтийн тэмцээнийг хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулсан бөгөөд уг тэмцээний ялагч залуу хундан цагаан хонины эзэн болсон нь спорт өдөрлөгийн хамгийн том сюрприз байлаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ