Ц.Ганцэцэг:18 тэрбум төгрөг нь хүүхдүүдэд зориулсан маш том хөрөнгө оруулалт

img

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.   -“Эрүүл хүүхдийн аян”-д эрүүл мэндийн даатгалын сангаас 18 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ мөнгийг хэрхэн яаж зарцуулахаар төлөвлөж байна бэ? -Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар 2012 онд “Эрүүл хүүхэд” аяныг зохион байгуулахаар шийдвэрлэж, гуравдугаар сарын 19-ний өдөр аяны  нээлтийг орон даяар эхлүүлсэн. Энэ аяны зорилго нь 18 хүртэлх насны бүх хүүхдийг хоёр үе шаттайгаар эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд хамруулахад чиглэсэн. Эхний үе шат ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулагдана. Нийтдээ 970 орчим мянган хүүхдийг дотрын, нүд, чих хамар хоолой, амны хөндийн үзлэгт хамруулах юм. Хоёрдугаар шат энэ оны 12 дугаар сард дуусна. Хоёрдугаар шатанд эхний шатнаас өвчтэй гарсан хүүхдүүдийг эмчлэх юм. Урьдчилсан байдлаар 350 мянга орчим хүүхэд энэ шатанд хамрагдаж, амны хөндий, шүдний өвчлөлийг эрүүлжүүлнэ. Аяны хүрээнд нийт хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, эрүүлжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагын төсөвт 18 тэрбум төгрөг батлагдсан. Эрүүл мэндийн яамнаас 18 хүртэлх насны хүүхдийн тоог аймаг, дүүргээр гаргаж ирүүлсэн.  Хүүхдийн тооноос хамааралтайгаар батлагдсан төсвийн хуваарь хийгдэж байна. Төсвийн хуваарилалтын дагуу хоёрдугаар шатлалын эмнэлэг буюу  аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд санхүүжилт олгогдоно. Иргэний Эрүүл мэндийн даатгалын хуульд заасны дагуу тусламж, үйлчилгээний зардлыг урьдчилан олгож, гүйцэтгэлээр санхүүжүүлнэ.  Ер нь суурь өвчний угшил нь  шүдний өвчин байдаг.   Тиймээс өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас төлж буй 18 тэрбум төгрөг нь ирээдүйд, хүүхдүүдийн эрүүл мэндэд оруулах  180 тэрбум төгрөгийн хэмнэлт буюу маш том хөрөнгө оруулалт болно гэж үзэж энэ аянд ихээхэн ач холбогдол өгч байна.   -Эрүүл мэндийн даатгал төлсний үр ашгийг иргэд төдийлэн сайн мэддэггүй. Ер нь эрүүл мэндийн даатгалын үр шимийг яаж зөв зүйтэй ашиглаж болох вэ? -Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авахын тулд иргэн юуны өмнө эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлөх үүрэгтэй. Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу хүн бүр заавал  даатгалд хамрагдах ёстой. Харин ямар хэмжээгээр даатгуулах вэ гэдгээрээ ялгаатай. Жишээ нь, ажиллагчид цалин хөлснийхөө хоёр хувийг, ажил олгогч хоёр хувийг сар бүр төлнө. Харин малчин болон  тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс шимтгэлээ өөрөө хариуцан төлнө. Эдгээр хүмүүс жилд эрүүл мэндийн даатгалд жилд 8040 төгрөг төлснөөрөө даатгуулагч болдог. Харин хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ хоёр нас / ихэр бол 3 нас / хvртэл өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, нийгмийн халамжийн тухай хуулийн 12-р дугаар зүйлд заасан иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцна. Өнгөрсөн онд төрөөс дээрх иргэдийн даатгалд 10.9 тэрбум төгрөгийг төлсөн. Энэ оноос Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай  хуулийн дагуу их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг төрөөс даах болсон. Даатгалаа төлсөн иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас найман төрлийн тусламж үйлчилгээний зардлыг нөхөн авдаг. Эрүүл мэндийн даатгал гэдэг нь тухайн иргэн өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн төдийгүй санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Харин уг санхүүгийн асуудлыг даван туулахад нь тусалж,төрөөс тодорхой хувийг нь гаргаж буй дэмжлэг гэж ойлгох хэрэгтэй.   -Найман төрлийн тусламж, үйлчилгээний талаар илүү тодруулаач? -Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хэвтэн эмчлүүлэх, өдрөөр эмчлүүлэх, амбулаториаор үйлчлүүлэх, оношлогоо, шинжилгээ,  уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх, эмийн үнийн хөнгөлөлт эдлэх  эрхтэй болно. Тодруулбал, 2010 оноос эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ өргөжиж, даатгуулагч сард нэг удаа 36,0 мянган төгрөгийн оношлогоо, шинжилгээ хийлгэх эрхтэй бөгөөд  цусны ерөнхий болон шээсний шинжилгээ,  эхо, рентген зэрэг оношилгооний зардлыг даатгалаас хариуцдаг болсон.  Эмийн үнийн хөнгөлөлтийн хувьд 420 орчим эмийн сангаас 339 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авна.  Гэхдээ өрхийн болон сум багийн эмчийн бичсэн жорыг  үндэслэн 20 мянган төгрөг хүртэлх үнийн хөнгөлөлт эдлэх  боломжтой. Өнгөрсөн онд давхардсан тоогоор 3.1 сая хүн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагдсан байна.    -Төрөөс эрүүл мэндийн даатгалыг даах нь хэр оновчтой вэ? -Эрүүл мэндийн даатгал нь төсвийн ачааллыг  бууруулах агуулгатай. Анх 1993 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль гарахаас өмнө нь иргэдийн эмнэлгийн үйлчилгээний бүх зардлыг төр хариуцдаг байсан. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэд эрүүл мэндийн даатгалд даатгуулах харилцааг зохицуулснаараа  төрийн ачааг тодорхой хэмжээгээр бууруулж, иргэд өөрийн эрүүл мэндийн хувьд үүсэх санхүүгийн ачааллаасаа хамгаалуулах боломж бүрдсэн.   -Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ямар журмаар авах талаар тодруулаач? -  II, III  шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлсэн даатгуулагчид даатгалын үйлчилгээг хүртэх эрхтэй. Даатгалаас санхүүжих орны тоо, төлбөрийн арга, мөн ямар эмнэлэг, эмийн сангаас даатгалын үйлчилгээ авахыг Эрүүл мэндийн сайдын шийдвэррээр баталдаг. Нийгмийн даатгалын байгууллага энхүү батлагдсан эрүүл мэндийн байгууллагуудтай даатгалын гэрээ байгуулж, гэрээгээр дамжуулан санхүүжилт олгодог бөгөөд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавьдаг. Харин нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлэг, рашаан сувилал, эмийн сангийн нэрсийн жагсаалт, байршлын талаарх мөн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын  www.ndaatgal.mn сайтнаас авах боломжтой. Мөн 1289 тусгай дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard:
jigd shudarga bgaasai
2012-04-02
Mongo ugaah l arga daa
2012-04-02
бор:
эмч нар хийх ажлаа хийхгүй ийм их мөнгө нэхээд байхдаа яадгийм сонгуулийн мөнгө цуглуулж байна уу
2012-04-02