Ерөнхий прокурор уулзалт хийв
Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын урилгаар ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий прокурор Д. Дорлигжав Ерөнхий прокурор Юрий Яковлевич Чайкатай уулзалт хийлээ. Уулзалтын явцад талууд, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газрын хоорондын хамтын ажиллагааны талаар шинэ Хэлэлцээр хийхээр тохиролцож, Хэлэлцээрийн талаарх ерөнхий асуудлын талаар харилцан санал солилцсон байна.
Ерөнхий прокурор Д. Дорлигжав, Юрий Яковлевич Чайка нар, хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалах, хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг өнөөгийн ардчилсан нийгмийн хөгжлийн шинэ шаардлагад нийцүүлэх, олон улсын гэрээ, хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ чандлан хэрэгжүүлэх, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй болгох, хил орчмын прокурорын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг асуудлуудыг авч хэлэлцэн, Хэлэлцээрт тусгахаар тохиролцов.
Түүнчлэн, тодорхой эрүүгийн хэрэг, ялангуяа үндэстэн дамжсан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодис болон хүн худалдаалах гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт ажиллагааны үр дүнд бий болсон эд хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураах ажиллагаанд харилцан туслалцаа үзүүлэх ажиллагааг эрчимжүүлэх, Монголын прокурор, ажилтнуудыг, Оросын Холбооны Улсын прокурорын Академи дээр сургалтанд оролцуулах, Оросын Холбооны Улсын тусгай мэргэжлийн прокурор, ажилтнуудыг урьж, Монголын прокуроруудад зориулсан хамтарсан сургалт зохион байгуулах замаар сургалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар Ерөнхий прокурор Д. Дорлигжав тухайлан санал тавьсныг Ерөнхий прокурор Юрий Яковлевич Чайка дэмжиж, хүлээн авч байгаагаа илэрхийлжээ.
Ерөнхий прокурор Д. Дорлигжав, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсныг Ерөнхий прокурор Юрий Яковлевич Чайка талархан хүлээн авч байгаагаа мэдэгдэв.Хэлэлцээр хийсэн уулзалтад, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д. Идэвхтэн, Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын орлогч Александр Григорьевич Звягинцев, Монгол Улс, Оросын Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газрын албаны бусад хүмүүс оролцов.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ