
Монголын Хүүхдийн ордонд өнөөдөр “Хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх” олон нийтийн санаачилгын аяны хүрээнд “Хүүхэд насаа хайрлая” улсын VI зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө газар, Дэлхийн зөн Монгол хөтөлбөр хамтран зохион байгуулсан аж.
Зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, 21 аймгийн Хүүхдийн төлөө хэлтэсийн удирдлага болон 120 гаруй хүүхдүүд, төр, засгийн болон ТББ, ОУБ-дын нийт 200 орчим төлөөлөгчид оролцов. Энэ үеэр хот хөдөөгийн хүүхдүүдийн төлөөөлөл болсон сурагчдын дуу хоолойг сонсох, хүүхэд өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилгын аяны хүрээнд хийсэн ажлыг дүгнэх, санал солилцлоо.
Мөн хүүхдийн төлөө санаачилгатай ажилласан байгууллага, хамт олон, хувь хүмүүсийг урамшуулж, олон нийтийн санаачилгын дэд зөвлөлүүдийн хүрээнд зургаан салбар хэлэлцүүлгээс тулгамдаж буй гол асуудлаар хэлэлцүүлэг өрнөв.
Дашрамд дуулгахад, Монгол улсад 2001-2010 он буюу сүүлийн 10 жилийн хугацаанд 13818 хүүхэд 8936 гэмт хэрэг үйлджээ. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 1382 хүүхэд, 894 гэмт хэрэг үйлдсэн аж. Мөн 2010 онд гэмт хэргийн улмаас бусдад 108 хүүхэд дээрэмдүүлсэн, 24 хүүхэд эд зүйлээ булаалгасан, 39 хүүхэд хулгайд эд зүйлээ алдсан бол 152 хүүхэд хүчиндүүлсэн, 28 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ