Хэн нь худал хэлэв
Цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялгаварласан асуудал гарч олны бухимдлыг төрүүлсэн. Хэдийгээр шүүхээс албан бичгээр хандсан телевизийг шүүх хурлын эхлэлийг сурвалжлах эрх олгосон гэсэн мэдээлэл өгсөн ч зарим хүмүүс өөр өөр байр суурьтай байна.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
Сэтгүүлчдийг илтэд ялгаварлан гадуурхсан, захиалгатай хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүх хуралд оруулсан байна. Хурлыг хаалттай явуулбал бүр мөсөн хаах байсан юм. Эсвэл бүгдийг нь нээлттэй байлгах хэрэгтэй. Яахаараа УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшдэг "Ийгл" телевиз, УИХ-ын гишүүн байсан, социал демократ гаралтай С.Болдхэтийн SBN, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн эзэмшлийн С1 гэсэн гурван телевизийг оруулаад бусдыг нь хаадаг юм бэ. Надад ийм зүйл ажиглагдлаа. Өнөөдөр Монголд хүчирхийлэл болохоо байж, захиалгат хэлмэгдүүлэлт эхэллээ. Өнөөдөр Монголд өмгөөлөгчдийг барьж хорилоо. Маргааш үнэн үг хэлсэн сэтгүүлчид та бүхнийг аваачаад хорихыг үгүйсгэхгүй. Сэтгүүлчдийг илтэд ялгаварлан гадуурхаж, захиалгатай хэвлэл мэдээллийг шүүх хуралдаанд оруулсныг харлаа. Гадна талд нь хорин хэдэн сэтгүүлч хаврын шороон дотор нүднийх нь ухархайд шороо шигчихсэн гүйж байна лээ. Хэвлэлийн эрх чөлөө Монголд байхгүй болж, захиалгат хэвлэлүүд толгой дээр гарсан байна. Төрийн ордноос гэж би шуудхан хэлье, шүүх хуралдаанд хэнийг оруулах, хэнийг эс оруулахыг утсаар шийдсэн гэдэг нь надад мэдрэгдэж байна. Жишээ нь, 25 дугаар суваг телевиз, TV-5, Үндэсний телевиз бор царайтай, Л.Болд, С.Болдхэт, Х.Баттулга гурвын телевиз цагаан царайтай юм уу. Цагаан царайтайг нь шүүх хуралд оруул, борыг нь битгий оруул гэсэн шийдвэр гаргасан юм уу. Шүүгч нар “Бид тийм шийдвэр гаргаагүй, Тамгын газар гаргасан” гэх ухааны юм ярьж байна лээ. Эсвэл Тамгын газарт нь улс төрийн хүн аваачаад суулгачихсан юм уу, түүнийг нь ордноос удирдаж байгаа юм уу.
Нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа
Та нар өчигдрөөс эхлээд энэ асуудлаар шүүх рүү хангалттай дайрлаа. Шүүх ил тод нээлттэй болох тал дээр сэтгүүлчидтэй бид хамтарч ажиллаж байгаа. Энэ сарын 28-ны өдөр 461-р анги товлогдсон шүүх хуралд аль болох сэтгүүлчдийг оруулах талаар ШШГЕГ-т удаа дараа хүсэлт тавьсан. Та бүхэн мэдэж байгаа. 461-р анги нь онцгой бүс. Гэхдээ шүүх хуралдааныг сурвалжлахаар албан бичгээр хандсан гурван телевизийг оруулахаар шүүх шийдвэрлэсэн. Энэ нь ялгаварласан хэрэг биш. Та нар шүүх хуралд орох хүсэлтээ тавьж болно шүү дээ. Дотогш нэвтэрсэн гурван телевизийн шүүхэд албан бичгээр хандсан эсэхэд хариулт хэлэх боломжгүй.Энэ тухай асуудлаар хангалттай мэдээлэл хийсэн. Та нар анхаарах хэрэгтэй. Хориотой бүсэд яаж нэвтэрч болдог тухай судлах хэрэгтэй. Дээд газраас нэр өгсөн гэдэг юм билээ. Дээд газраас телевизийн нэр өгсөн гэдэг асуултад хариулахгүй би. Тэгвэл хэвлэлийн хурлаа дуусгалаа.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ