
Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд глюкозжсон гемоглобин хэмжигч багаж гардуулан өгөх ёслолын арга хэмжээ Эрүүл мэндийн яаманд боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гочигсүрэн, Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга С.Туул, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван зэрэг албаны хүмүүс оролцов.
Энэхүү глюкозжсон гемоглобин хэмжигч багаж нь сүүлийн гурван сарын туршид цусны сахар ямар түвшинд байсныг хэмжих бөгөөд чихрийн шижинтэй хүмүүсийн өвчлөлийн явцын хяналтыг үнэлэх, хүндрэлийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Уг багаж нь диабетын төвд зөвхөн нэг ширхэг байсан бол одоо Бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд олгогдож байгаа бөгөөд нийт 138 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци болон Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс хийж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ