
Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хооронд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай “Сөүл төсөл”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн дэд сайд нараар ахлуулсан зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар таван үндсэн асуудлуудыг хэлэлцэн санал солилцож, харилцан зөвшилцөлд хүрчээ. Тухайлбал, монголын эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д эмнэл зүйн сургалтад хамруулах, Монголын эмнэлгүүдэд Солонгосын зочин профессоруудын хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ-д эмчлүүлэх Монгол Улсын иргэдэд хямдралтай үнийн багц тариф бий болгох чиглэлээр тохиролцоонд хүрэх зэрэг асуудлууд багтжээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд ноён Сунь Гонь Иг нар Шастины нэрэмжит төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Солонгос Улсын Ионсей эрүүл мэндийн төв, Тэжон Сон эмнэлэг, Вонгуан их сургуулийн эмнэлэг, Хьюндай эмнэлэг хоорондын “Сөүл төсөл”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна
Д.Цэцэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ