
Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр өнгөрөгч ням гарагт эх орноосоо мордлоо. Энэ сарын 5-12-ны өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астанад боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Манай улсаас 7 тамирчин хоёр дасгалжуулагчын хамтаар Астанаг зориод байна. Дэлхийн орон орны ширэн бээлийтнүүдийн хувьд Лондон-2012 зуны 30-р олимпийг зорихын тулд хоёрхон тулаанд оролцож байж эрхээ авна. Эхнийх нь өнгөрсөн онд болсон боксын ДАШТ юм. Харин хоёр дахь нь буюу боксын Ази тивийн АШТ маргааш Казахстаны нийслэл Астана хотод эхэлнэ. Энэ удаад олимпийг зорих ширэн бээлийтнүүд гол шалгуур болсон дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тулаанд оролцож байна. Манай улсын баг тамирчид өнгөрөгч ням гаргат эх орноосоо мордож хилийн дээс алхсан. Одоогоор МОБХ-ны үндэсний шигшээ багаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ П.Сэрдамба 48 кг-д, 64 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга, МУГТ У.МӨнх-Эрдэнэ нар олимпийг зорих визээ өвөртлөөд байгаа юм. 48, 64 кг-ийн жинд манай улсын таиирчид олимпийн эрхээ авсан учраас энэ хоёр жинд тамирчид илгээгүй ажээ.
Энэ удаад олимпийн эрхийн төлөө тулалдах баг тамирчдын нэрсийг танилцуулбал:
52 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай, 60 кг-д ОУХМ З.Энхзориг, 69-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-д Т.Чулуунтөмөр, 81-д С.Эрдэнэбаяр, -91-д Т.Эрболат нар тулалдана. Харин багш дасгалжуулагчаар МУГД, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Э.Сайнбилэг нар явсан байна. Энэ тэмцээн олимпийн эрхийн гол шалгуур нь 52 болон 56 кг-д 3 эрх, 60, -91 кг-ийн жингүүдэд нэг эрх, бусад жинд 3-4 эрх олгох юм байна. Харин олимпийн аварга, МУГТ Э.Бадар-Ууган бэртэл гэмтлийн улмаас олимпийн эрх олгох тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байлаа. Тэгвэл тэрээр үзэгчийн суудлаас Лондонгийн олимпийн боксын тулааныг үзэж эх нутгийнхаа тамирчид, анд нөхдөө дэмжих нь гарцаагүй.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ