
Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сэм Геровичийг хүлээн авч уулзжээ.
Австрали Улсын Засгийн газар өнгөрсөн онд Монгол Улсад Ерөнхий консулын газар нээх шийдвэр гаргасан бөгөөд Элчин сайд Ерөнхий консулын газрыг энэ оны тавдугаар сард албан ёсоор нээхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. Энэ онд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа аж. Мөн 40 жилийн ойн хүрээнд өндөр түвшний төлөөлөгчид харилцан солилцох, Монголын эртний урлагийн бүтээлийн анхны томоохон хэмжээний үзэсгэлэнг Сидней хотноо зохион байгуулах талаар ярилцсан байна.
Түүнчлэн Гадаад харилцааны дэд сайд болон Элчин сайд нар Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг онцлоод, цаашид хоёр орны яриа хэлэлцээ, харилцан ашигтай хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт өргөтгөх талаар ярилцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ