
Нийслэлийн хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа өчигдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төвд нээгдлээ. Уг үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Б.Баатарзориг, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга Т.Билэгт, болон есөн дүүргийн төлөөлөл оролцов.
Тус үзэсгэлэнд оролцогчид нь Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн эмэгтэйчүүд бөгөөд өөрсдийн ур ухаанаа шингээж хийсэн чамин тансаг гоёл чимэглэл, үндэсний дээл, ноос ноолууран хувцас зэрэг бүтээгдэхүүнийхээ дээжээс дэлгэн тавьжээ. Уг үзэсгэлэн энэ сарын 4-7 ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Үзэсгэлэнд оролцогчдын зүгээс хийж бүтээсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд дэлгэн үзүүлж, худалдах боломж нээгдэж байгаад баяртай байна гэдгээ илэрхийлж байсан. Гэвч хувиараа бизнес эрхэлж, аж амьдралаа дээшлүүлэхэд саад бэрхшээл тулгарч байгаа аж.
Тухайлбал, бага хүүтэй зээл авахад барьцаа хөрөнгө шаардагдаж байна. Хувиараа үйлдвэрлэл эрхлэхэд ажлын байрны түрээс өндөр байдгаас гадна бүтээгдэхүүнээ худалдахад хүндрэл учирч байгаа гэв. Учир нь худалдааны төвүүдэд лангууны түрээс өндөр, бүтээгдэхүүнээ хурдан зарж, мөнгөө эрхгэлтэд оруулахын тулд хувьдаа дэлгүүртэй иргэдэд бөөний үнээр зардаг аж.
Энэ жил өрхийн хөгжлийг дэмжинэ гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн.Тийм болохоор жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн гол нь хөнгөлөлтэй зээл, ажлын байрны хангалтаас илүүтэй хийсэн бүтээгдэхүүнээ худалдаалдаг нэгдсэн төвтэй болох нь чухал гэдгийг хэлж байлаа.











П.Наран Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ