
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа уул уурхайн төсөл, Шивээ хүрэн, Гашуун сухайтын хилийн боомтуудын үйл ажиллагаа, аймгийн Боловсрол, соёлын газар, түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Эрүүл мэндийн газар, Говь гурвансайхан байгалийн цогцолбор газарт Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу МХЕГ-ынхан ажиллахаар болжээ. МХЕГ-ын улсын байцаагчид МУ-ын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох шийдвэр гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөө өгөхөөр өнөөдөр тус аймгийг зорижээ.
Шалгалтыг газрын дэд дарга Д.Гүньбазар ахалж, гурван ажлын хэсэг зохион байгуулж Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын хэлтсийн дарга Л.Болормаа нар тус тус удирдаж ажиллах аж. Тодруулбал: Байгаль орчин, геологи, уул уурхай, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөрийн болон хүнсний аюулгүй байдал, хилийн хяналтын чиглэлээр шалгалтыг газар дээр нь гүйцэтгэж, хяналтын чиглэл бүрээр “Хяналтын хуудас” хэрэглэж, эрсдэлийг тодорхойлох аргачлалаар зохион байгуулж ажиллахаар болсон байна.
Энэ үеэр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт “Оюу Толгой” ХХК, “Таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад эксплорейшн” ХХК, “Саус Гоби Сэндс” ХХК, “Мак” ХХК, “Чинхуа Мак” ХХК, “ Хүннү Коул” ХК, “ЭНК” ХХК-иудын барьж байгуулж байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаа болон баригдаж буй барилга байгууламжуудыг шалгана.
Мөн Өмнөговь аймгийн 2011 оны улс, орон нутгийн төсвийн орлого, зарлага, аймгийн Төрийн сан, ИТХ, Аймгийн ЗДТГ, Аймгийн Засаг даргын нөөц сан, Орон нутгийн өмчийн алба, Орон нутгийн өмчийн сан болон “Таван толгой” ХХК-ний санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, Шивээ хүрэн, Гашуун сухайтын хилийн боомтуудын үйл ажиллагаа, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар нутаг, түүний хамгаалалтын захиргаа, аймгийн Боловсрол, соёлын газар, Даланзадгад сумын 1, 4 -р сургууль, Ханбогд, Цогт цэций сумдын ерөнхий боловсролын сургуулиуд, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын төлөв байдалд холбогдох салбарын хууль тогтоомж, журам дүрэм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт гаргах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ