
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өнгөрөгч 20110 оны нэгдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээний ажил байдалтай танилцсан юм. Тэрбээр тээвэрчдийн ажлын ачаалал, хүнд нөхцөл зэргийг харгалзан үзэж, автобусны эцсийн буудлыг тохижуулах шийдвэрийг гаргасан билээ.
Автобусны эцсийн зогсоолуудыг шинэчлэн тохижуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч, тээвэрчдийн ажиллах тав тухтай орчин, иргэд үйлчлүүлэгчдийг соёлтой, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх үүднээс эхлүүлсэн уг ажлын хүрээнд “Шархад”, “Баянхошуу“Дэнжийн 1000”, “Улиастай”-н автобусны зогсоолуудыг тохижуулж дуусаад байна. Улиастайн эцсийн зогсоолын барилгыг улсын комисс хүлээн авсан бөгөөд Автобус-3 компани хариуцан ажиллаж, тээвэрчдэд зориулсан цайны газар, бие засах газар, диспетчерийн бүртгэлийг явуулж байна.
Шархадын автобусны эцсийн зогсоолын хоёр давхар барилгыг мөн улсын комисс үзэж актаа гарган ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд “Баянхошуу” болон Шархадны эцсийн зогсоолын барилгуудыг “Автобус-1” компани хариуцан ажиллах болно. “Дэнжийн 1000”-ийн автобусны эцсийн зогсоолын барилга байгууламжийг энэ оны нэгдүгээр сард дууссан хэдий ч одоогоор улсын комиссын акт гараагүй байна.
Уг зогсоолын барилга байгууламжийг “Мон-Кара” ХХК-д хүлээлгэн өгч ашиглалтын бэлэн байдлыг хангуулж байна. Ийнхүү 2011 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар баригдаж дууссан автобусны эцсийн зогсоолын барилгууд нь диспетчерийн бүртгэл, цайны газар, бие засах газар зэргээр тээвэрчдэд үйлчлэхээс гадна иргэдэд мөн үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ