
Монгол Улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 01-03-ны өдрүүдэд Польшийн Бүсийн хөгжлийн яамны урилгаар БНПУ-д айлчлав. Энэхүү айлчлалыг 2011 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Варшав хотноо байгуулсан ҮХШ-ийн Хороо, БНПУ-ын Бүсийн хөгжлийн яамны хооронд Бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.
Айлчлалын үеэр төлөөлөгчид Польшийн Бүсийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Конрад Никлевичтэй хэлэлцээ хийж, хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцан, санал солилцов. Уулзалтын үеэр мөн төлөөлөгчид Бүсийн хөгжлийн яамны бүтэц, үүрэг, үйл ажиллагаа, Польшийн бүсийн хөгжлийн үндэсний стратеги болон түүнийг хэрэгжүүлэх арга замууд, ЕХ-ны санхүүжилтээр Польш Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, ЕХ-ны бүсүүдийн тэнцвэржүүлсэн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх явцад Польшийн талын хуримтлуулсан туршлага зэрэгтэй танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авав.
Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Польшийн бүсийн хөгжлийн үндэсний стратеги, ЕХ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн явцтай газар дээр нь танилцах зорилгоор Польшийн Куявско-Поморски мужид зочилж, тус мужийн хөгжлийн бодлого, стратеги, мужийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр зэрэгтэй танилцаж, туршлага судлажээ. Мөн мужийн төв Торун хотноо орших Польшийн Дэд бүтцийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр байгуулсан зарим төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ