
Тун удахгүй нахиагаа дэлгэх гэж байсан модод нэг л өглөө хиар цохиулсан байх юм. Энэ бол Куба улсын Элчин сайдын яамны байрны хойно, “Монреимпэкс” компанийн байрны урд талд хашаанд нь ургаж байсан улиас, гацуур, хус, хар мод юм. 50 гаруй жил өмнө анх тарьж, ургуулсан энэхүү бяцхан цэцэрлэгт хүрээлэн Урлагийн ажилтны холбооныхны "буянаар"орон сууц барилгад ийнхүү "зайгаа" тавьж өгч байгаа нь энэ аж.
"Мод огтлоод байна" гэсэн иргэдийн мэдээллийг авсан цагдаагинйн ажилтнууд газар дээр тэр даруйд ирсэн ч "Зохих газраас нь зөвшөөрөл авсан" гэсэн үгээр далайлгасан тус холбооныхон энэ үйлдлээ өнөөдөр зөвтгөж сууна.
Өнөөдөр Улаанбаатар хот нэг сая гаруй хүнтэй том хот болсон. Харин ийм том хотын амин сүнс нь ногоон байгууламж. Гэтэл хотын төвд байгаа цөөхөн ногоон төгөлийн нэг ийнхүү үгүй болж байгаа нь даанч харамсалтай. Өнөөдөр агаар хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ гэж дээр, дооргүй ярих болсон. Харин үүнтэй чадлаараа тэмцдэг нь ногоон байгууламж, ой мод байдаг. Тухайлбал нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг гэдэг. Энэ нь яндангийн утаа униарыг шүүж, мод ургамал өвлийн улиралдаа навч шилмүүсгүй болсон үедээ ч агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж дуу чимээг ихээхэн бууруулдаг байна. Ялангуяа навчит мод техникийн болон бусад дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьж, хэт халалт болон хөрөлтийг 2-3 хэмээр бууруулан хот, суурин газарт бичил уур амьсгал бий болгодог гэсэн тооцоо, судалгаа бий.

Жил бүр л улсаас ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эко орчныг бүрдүүлэхэд багагүй хэмжээний төсөв хөрөнгө гаргадаг. Өнгөрсөн онд л гэхэд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтдээ есөн тэрбум төгрөгөөр ногоон байгууламж бий болгох тохижуулах ажлууд хийгдсэн. Тэгвэл энэ онд хоёр дахин нэмэгдэж 18 тэрбум төгрөг болсон талаар нэгэнтээ хотын удирдлагууд хэлж байсан. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Мод тарих өдөр"-ийг хүртэл санаачилж, жил бүр томоохон ажил өрнүүлдэг. Харин ногоон байгууламжнд биш шавар байшинд дурлагсад нийслэлийн иргэдийг болоод хотын удирдлагуудыг үл тоон ийнхүү авирлаж байна. Үүнийг хянаж шалгаж, хариуцлага тооцох хэн нэгэн байгаа гэдэгт найдаж байна.

Сурвалжлагч Д.Туяа Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ