
ОУХМ Б.Ганбаатараар ахлуулсан уулчдын баг дэлхийн ноён оргил Эверестэд авиралт хийхээр 3-р сарын 29-ний өдөр хилийн дээс алхсан. Харин “Хөх тэнгэр” багийнхан Эверестийн 4410 метрийн өндрөөс “Шууд” телевиз болон “Шууд.мн” сайтын хамт олонд мэдээ ирүүллээ. Багийн гишүүдийн биеийн байдал тун сайн байгаа гэнэ. Мөн тэд 5400 метрт өндөр авалт хийж байгаа аж.
Цаг агаарын хувьд цастай байгаа ажээ. “Хөх тэнгэр” багийнхан 3 хоногийн дараа Эверестийн “Bace camp” дээр очно гэж багийн ахлагч, ОУХМ Б.Ганбаатар мэдээллээ. Багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдээс ОУХМ Ц.Цогзолмаа, эрэгтэйчүүдээс спортын мастер Б.Элбэгжаргал, уулын спортын 1-р зэргийн тамирчин, марафон гүйлтийн тамирчин Б.Цэвээндаш, эмчээр Л.Баярсайхан нар багтаж байгаа. Тэд маргааш хилийн дээс алхаж 20 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна. Ингээд 5-р сарын эхээр Эверестэд дайралтаа эхлүүлэхээр төлөвлөжээ.
“Хөх тэнгэр” багийнхан анх удаа Эверестэд багаараа авиралт хийхээр шийдвэрлэсэн байна. Мөн тэд олимп болох гэж байгаатай холбогдуулан Монголын тамирчдын ялалтыг бэлэгдэн МҮОХ-ны тугийг дэлхийн дээвэр ноён оргилд мандуулах юм байна. Өмнө нь Монголын уулчид багаараа ноён оргилд авиралт хийж байгаагүй юм. Өмнөх жилүүдэд манай улсын уулчид ганцаарчлан Эверестэд авиралт хийж байлаа.
1997 онд ОУХМ Жуков ноён оргилын 7850 метр өндөрт авирлат хийж байсан бол 2005 онд МУГТ Өсөхбаяр Эверестэд дайралт хийсэн юм. Харин 2006 онд ОУХМ Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа нар Эверестийн 8700 метрт авиралт хийжээ. Тэгвэл 2011 онд МУГТ Б.Гангаамаа ноён оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй уулчин болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ