
Өчигдөр Британийн Премьер лигийн 32-р тойргийн таван тоглолт явагдлаа. Улирал өндөрлөх дөхөх тусам тоглолт болгоноос оноо авахын төлөө клубууд ширүүн өрсөлдөж буй. Тэгвэл өчигдөр лигийн хүснэгтэд шөвгийн дөрөвт бичигдэж байгаа Тоттенхэм клуб Сандерлэндтэй гоолгүй тэнцсэн юм.
Энэ нь Тоттенхэмийг маш ашиггүй үр дүнд хүргэж мэдэх юм. Тэд 59 оноотой гуравдугаар байрт бичигдэж байгаа ч Арсенал 58, Челси 56, Ньюкастл 56 оноотой тэдний араас нэхэж улирлын төгсгөлд энэ дөрвөн клубын аль нь ч эхний дөрөвт багтаж мэдэхээр ширүүн өрсөлдөөн үүсгээд байгаа билээ.
Мөн Норвич клуб Эвертонтой 2:2-оор, Ливерпуль Астон Виллатай 1:1-ээр тус тус хайнцаж, Уэст Бром Блэкбернийг 3:0-ээр ялсан. Мөн өчигдрийн хамгийн сонирхолтатсан тоглолт нь Челси болон Уиган клубуудынх байлаа.
Урд өдөр нь Ньюкастл клуб хожил авч 56 оноотой болж Челси клубыг зургадугаар байр луу ухраагаад байсан юм.
Тиймээс Стэмфорд бридж цэнгэлдэхдээ Челси заавал хожил авах даалгавартай болоод байсан. Хэдийгээр Уиган харьцангуй сул өрсөлдөгч боловч Челсид бүтэн оноо бүр маш чухал болоод буй.
Энэ тоглолтод Бранислав Иванович, Хуан Мата нарын 2 гоолын тусламжтайгаар Челси даалгавраа биелүүлсэн. Ингэснээр Ньюкастлтай адил 56 оноотой болж тавдугаар байрт эргэн бичигдлээ. Үлдсэн цөөн хэдэн тойргуудад Челси оноо алдалгүйгээр тоглож чадвал, мөн Арсенал/58/, Тоттенхэм /59/ клубууд аль нэг тоглолтдоо бүдэрсэн тохиолдолд Роберто ди Матеогийн цэргүүд ирэх жилийн Аваргуудын лигт оролцох эрхээ халааслах юм.
Өнөөдөр маш сонирхолтой хоёр тоглолт болно. Манчестер Юнайтед “Мөрөөдлийн театр”-таа Куинс Дарк Рейнжерсийг хүлээн авах бол лигийн хүснэгтийн хоёр ба дөрөвдүгээр байрт бичигдэж буй Манчестер Сити, Арсенал клубууд Эмирэйтс цэнгэлдэхэд ширүүн тулаан хийх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ