Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээн өнөөдөр эхэлнэ

img

Азийн Оюутны Аварга Шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээн Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. Энэ удаад анхдугаар тэмцээний аварга Тайланд, мөн зохион байгуулагч Монголоос гадна Хонконг, Казахстан, Киргизстан, Малайз гэсэн зургаан орны тамирчинд  оролцоно. Тэмцээн 15-ныг хүртэл Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болно. Харин тамирчид Спортын төв ордон болон МУИС-ийн Эдийн засгийн сургуульд тус тус бэлтгэлээ базааж, “Цэцэг” зочид буудалд байрлана. Зургаан баг олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу тойргоор тоглох бөгөөд I, II байр эзэлсэн багууд хоорондоо аваргын төлөө, харин III, IV байр эзэлсэн нь хүрэл медалийн төлөө тоглоно. Манайх Казахстаны хүчтэй багтай өрсөлдөнө Тэмцээн сугалаагаар Киргизстан, Малайз, Казахстан, Монгол, Хонконг, Тайланд гэсэн дараалалаар сугалаа таарсан.  Олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу эхний тоглолт Киргизтан, 2009 оны Азийн аварга Тайландын багуудын хооронд болох бол хоёр дахь тоглолт Малайз, Хонконгийн шигшээ багуудын дунд өрнөх юм.Эхний гурван тоглолтын төгсгөлд талбайн эзэн Монгол, Казахстаны хүчтэй багтай өрсөлдөнө. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 22 тамирчин багтжээ Азийн оюутны эмэгтэй волейболчдын аварга шалгаруулах II тэмцээнд манай улсын эмэгтэй волейболчдын шигшээ бүрэлдэхүүнд багийн даргаар М.Сономпил /МОСХ-ны болон МВХ-ны УЗ-ийн гишүүн/, багийн даргын орлогчоор Жин Жи Хунг /”Энагура” багийг эзэн /, ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха, дасгалжуулагчаар Б.Хэрлэн, “Сүлд” багийн дасгалжуулагч Р.Тамир, орчуулагч Д.Мөнхцэцэг нар ажиллаж байгаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, спортын мастер Г.Өлзийдэлгэр, П.Буянжаргал, Д.Алтансувд, дэд мастер Г.Энхсайхан, Э.Мөнх-Үйлс, А.Пүрэвсүрэн, Ж.Нямсүрэн, Ч.Халиун, У.Гэрэлмаа, Л.Отгонцэцэг, С.Отгонбямба нарын 22 тамирчин багтсан. Тэмцээнд ажиллах сайн дурын оюутнууд сонгогджээ Азийн оюутны эмэгтэй волейболчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад манай орны Их, Дээд сургуулийн сайн дурын 50 гаруй оюутан ажиллах юм. Эдгээр оюутнуудыг  БСШУЯам , Монголын Оюутны Холбоотой хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулжээ. МУИС, МУБИС, ХИС, “Мон-Алтиус” сургуулийн  оюутнууд орчуулагч хөтөч,  “Буянт-ухаа” спортын ордон, хэвлэл мэдээллийн төв, нисэх буудал, дотоод хамгаалалт, зочид буудал, соёлын арга хэмжээ, тэмцээний бэлтгэл ажил болон бусад үйлчилгээнд ажиллах бөгөөд тэднийг дадлагажуулах сургалтад хамруулжээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ