
Өчигдөр Эмирейтс цэнгэлдэхдээ Манчестер Ситиг хүлээн авсан "их буучид" 1:0-ийн харьцаагаар талбайдаа ялалт байгуулснаар Манчестер Юнайтедад томоохон тус хийлээ. Примьер лигийн 32-р тойргийн сүүлийн тоглолт хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлын төвд байсан юм.
Энэ тоглолтын өмнөхөн лигийг тэргүүлэгч Манчестер Юнайтед "Мөрөөдлийн театр"-таа Куинс Парк Рейнжерсийг хүлээн авч Уэйн Рүүни, Пол Сколз нарын гоолоор 2:0-ийн харьцаатайгаар ялсан. "Улаан чөтгөрүүд" зочдоороо наадах мэт бүх талаараа давуу байсан.
Ингэснээр Манчестер Юнайтед 32-р тойргоос оноогоо бүрэн авч араасаа нэхэж буй Манчестер Ситигээс даруй 8 онооны зөрүүтэй тасарч эхэлсэн юм. Улирлын төгсгөл рүү яг ийм нөхцөлд өрсөлдөгчдөө хясах мэт улам нягт тоглолт хийдэг Манчестер Юнайтед лигийн аварга болох багаа зүүсэн мэт.

Манчестер Сити, Арсенал клубуудын тоглолтын өмнөх үзүүлэлт, дүр зураг талбайн эздийн талд байсан.Сүүлийн зургаан тоглолтынхоо тавд нь Арсенал ялаад байсан бол эсрэгээрээ Манчестер Сити гурван тоглолтод хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдсон тааруухан үзүүлэлттэй байсан.
Үүний дээрээс Эмирейтс цэнгэлдэхэд 2007 оноос хойш гоол оруулаагүй гэх "гашуун амжилт" тэднийг өнөөг хүртэл дагаж буй. Улирлын эхнээс Манчестер Сити ид хаваа гайхуулж эсрэгээрээ Арсенал олон асуудалтай нүүр тулж лигийн хүснэгтийн ёроол руу шидэгдэж байсан ч одоо мөн л эсрэгээрээ.
Манчестер Сити аажмаар цуцаж, тэргүүллээ Сэр Алексын залууст алдсан. Олон гоолоор өрсөлдөгчөө хайр найргүй бөмбөгддөг байсан Ситигийнхэн төрөл арилжсан мэт өөр болжээ.
Арсеналын хувьд бүх асуудлаа шийдэж, багийн амжилтад нөлөөлж байсан бэртэл гэмтлүүд ч илааршиж эхэлсэн. Улмаар Аваргуудын лигт оролцох эрхээ Арсенал улирлын төгсгөлд бараг халааслаад байна.
Гайхалтай сэтгэл зүйч дасгалжуулагч Манчини байгаа хэдий ч Манчестер Юнайтедын хожлоо авсан мэдээ Ситигийнхний ачааг улам хүндрүүлэх болсон нь тодорхой.
Иймэрхүү олон төрлийн дарамт үзүүлэлттэй талбайд гарсан Манчестерийн залуус тоглолтын эхнээс л жигүүрийн хамгаалалтад алдаа гаргаж эхэлсэн. Улмаар их буучдын аюултай довтолгоонууд зочдын хамгаалалтын шугамыг эвдэж, бөмбөг эзэмших үзүүлэлт 75 хувиар Арсеналын талд гарсан.

Харин сүүлийн хагаст байрлалаа өөрчилсөн зочдын довтолгоо илт сэргэж тоглолтын санаачлагыг гартаа авах хандлага үе үе гаргаж байсан.
Гэсэн ч Арсенал илүү боломжуудыг гаргаж Робин Ван Перси хаалганы шон онох зэргээр гоол орохгүй байсан ч 87 дахь минутад Мигель Артета 16-гийн гаднаас тоглогчдын зайг ашиглан Ситигийн хаалганд ялалтын гоолыг хйисэн юм. Ийнхүү Манчестер Ситиг аваргын төлөөх өрсөлдөөнөөс энэ тоглолт чөлөөллөө гэж хэлж болно.
Тэдэнд үлдсэн сүүлийн боломжийн талаар дурдая л даа.

Үлдсэн зургаан тоглолтоос энэ сарын 30-нд Манчестер Юнайтедтай хийх тоглолтод бүрэн ялалт байгуулаад, улмаар УэстБром, Норвич, Уолвес, Куинс Парк Рейнжерс дөрвийг хөнгөхөн аргалаад Ньюкастлыг яаж ийгээд барчихсан тохиолдолд 18 оноо цэвэр авна гэсэн үг. Үлдсэн зургаан тоглолтод 100 хувь цэвэр ялалт байгуулах даалгаварыг тэд биелүүлэх ёстой гэсэн үг. Тэгвэл одоогийн байдлаас дээрд дурдсан ёсоор гайхалтай амжилт үзүүлж чадсан Манчестер Сити 71+18=89 оноотой болно.
Харин Манчестер Юнайтедыг үлдсэн зургаан тоглолтоосоо хамгийн муугаар бодоход гуравт нь л яллаа гэхэд 79+9=88 оноотойгоор тэд цомоо Манчестер Ситид алдана. Яг үүнээс зөрөхгүй хувилбар л Манчестер Ситид үлдсэн болой.
Гэхдээ "Улаан чөтгөрүүд"-ийн хувьд дөрөвдүгээр сарын 30-нд хийх дэрбидээ ялагдлаа гэж бодоход Уиган, Астон Вилла, Эвертон, Сандерлэнд, Суонси таваас оноо цуглуулахгүй үлдэнэ гэдэг юу л бол.
Тиймээс Британийн Премьер лигийн энэ улирлын цомын эзэн тодорхой болжээ.
Одоо Премьер лигийн гол өрсөлдөөн ирэх улиралд Аваргуудын лигт орохын төлөөх Тоттенхэм, Челси, Ньюкастлын тоглолтууд. Арсеналыг хасаад шүү. Арсен Венгерийн цэргүүд айдгаа халаасалчихаад байгаа.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ