
Би таны бичсэн нийтлэлийг уншаад Монгол Улсад буцаад коммунизм байгуулахыг мөрөөдөгчид өдрөөс өдөрт олширч байгааг улам бүр ухаарлаа. Уг нь зах зээл гэдэг бол ухаантай хөдөлмөрч хүмүүс нь хөрөнгөждөг нийгэм гэж мулгуу миний бие ойлгож ирсэн.
Таны нийтлэлтэй огт санал нийлэхгүй байгаа иргэний санаа бодлыг хуваалцана уу.
Петровис компани нь ММС компанийн хувьцаанаас өөрийн эзэмшлийн 2.3 хувийг олон улсын хөрөнгө оруулагчдад нээлттэй, зах зээлийн үнээр борлуулсан. Энэ мэдээлэл Хонг Конгийн хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд нээлттэй зарлагдсан. Тэр мэдээг хэрэв та уншсан бол иргэн Оюунгэрэл биш Петровис компани хувьцаагаа зарсан гэдгийг анзаарах байсан байх.
Петровис компани энэ хөрөнгийг юунд зарах гэж байгаа бол гэдэгт олон хүний санаа зовоод байгаа бололтой.
- Бид Монголын банкуудаас өндөр хүүтэй валютын зээлийг авч үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн эрхэлж байгаа бизнес валютын ханшны эрсдэлд байнга ордог учраас зээлийн хэмжээгээ багасгах хэрэгцээ бидэнд байна.
- Бид НИК гэдэг компанийг 2004 онд олон улсын тендерээр хувьчилж авсан. Энэ компани төрийн мэдэлд байхдаа хувьчлагдах шалтгаанаар хориод жил хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс сав тоног төхөөрөмж нь хуучирч шинэчлэх шаардлагаар жил бүр 50-60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Шатахууны хадгаламж, борлуулалтын бизнес бол нийгмийн өмнө аюулгүй ажиллагаандаа байнга хөрөнгө оруулалт хийх шаардлагатай салбар байдаг юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь өнөөдрийн олж байгаа ашгаар нөхөгдөх боломжгүй тул жил бүр НИК ХХК-ийн зээл улам өссөөр ирсэн болно. Энэхүү зээлийн талыг барагдуулах нь компаний цаашдын тогтвортой үйл ажиллагаанд хэрэгтэй юм.
- Бид Монголд газрын тосны хайгуул хийх Петроматад гэдэг компани байгуулж Лондоны хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан анхны монгол компани болсноороо бахархаж байдаг. Бид өөрсдийн болон бусад олон орны татвар төлөгчдийн хөрөнгөөр 60 сая гаруй ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалт хийж газрын тос хэмээх хамгийн эрсдэлтэй салбарт ажиллаж байна. Цаашид ч бид энэ салбарт хэдэн арван саяар нь хөрөнгө нэмж оруулах шаардлагатай байна.
- Петровис болон Монголын томоохон компаниуд хамтран нүүрснээс шатахуун гаргах төслийн судалгааг 2007 оноос эхлэн хийсэн. Тус төслийг ажил хэрэг болгоход мөн хөрөнгө оруулах хэрэгтэй байна.
Монголын бизнесмэнүүд өөрсдөө эрсдэл хийж олсон ашиг, зээлсэн мөнгөө энэ газар шороон дээр зарцуулж байна. Бид өссөн мөнгөө өвөртлөөд жаргаж суудаггүй хөдөлмөрлөж татвар төлж улс орондоо хувь нэмрээ оруулж байгаа ард түмэн.
Монголын үндэсний хөрөнгө оруулалт компаниудын хөдөлмөрийн үр дүнд бий болсон баялаг эргээд монгол нутаг дээрээ бүтээн босголт болон үлддэгийг ойлгох хэмжээний ухаан байгаа гэж найдаж байна.
Өнөөдөр ард түмнээ өрөвдсөн дүр эсгэж баян ядуугаар нь талцуулж бүтээн байгуулалт хийж байгаа ажил хэрэгч хүмүүсээ гутаан доромжлох, улс төрийн зорилгод ашиглах явдал хэрээс хэтэрч эхэллээ.
Бидний төлсөн татварыг өөрсдөө өгч байгаа юм шиг үр ашиггүй зарцуулж сонгуулийн шоу хийдэг улстөрчид татвар төлөгчдөө хүндэтгэж сурах хэрэгтэй бус уу.
Сэтгүүлч Оргилмаа таны ард түмнээ бодож орлогоо тэгш хуваах бодлыг хүндэтгэж байгаа боловч Ухаа худаг гэдэг нүүрсний уурхай яагаад ийм үнэ хүрэв гэдгийг тэнд очоод үзвэл маш сайн ойлгох байх гэж найдаж байна.
Тэнд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн босголт бол манай монгол компанийн менежментийн ур чадвар, үнэ цэнээр бий болсон юм. Хэрвээ төр Тавантолгойг хурааж авахадаа Ухаа худагийг үлдээгээгүй бол тэнд юу ч бий болохгүй Монголын төсөвт жил бүр 115 тэрбум төгрөг орохгүй байсан. Том Тавантолгой хөдлөхгүй байгаа гол шалтгаан нь бизнесийг хэт улстөржүүлсэн, төр өөрөө бизнес хэр сайн хийж чаддагийн жишээ биш үү.
Ер нь Монголд ажил хөдөлмөр эрхэлж төрдөө татвар төлж байгаа ард түмэн, зүгээр амаа билүүдэж татвараас зугтдаг этгээдүүлийн тоог гарвал сонирхолтой тоо гарна шүү.
Монголчууд бид нэг нэгэндээ урмын үг хайрлаж сайн сайхныг ярьж мөрөөдөж бүтээх цаг болсон юм биш үү. Үүнд сэтгүүлч та бүхний үүрэг асар их шүү дээ.
Бизнес эрхлэгчид зөвхөн өнөөдөр биш маргаашийн үр хүүхэд хойч үедээ үлдээх юм бүтээхийг бодож ажиллаж байна.
Бид татвар төлдөг эх орондоо сайхан амьдрахын төлөө ажиллаж байгаа ард түмэн гэдгийг болгооно уу.
Иргэн Ж.Оюунгэрэл
Эх сурвалж: baabar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ