
БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар нийслэл хотын хог хаягдал, хөрсний бохирдол, Төв болон Харгиа цэвэрлэх байгууламжтай газар дээр нь танилцаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг даалгавар өгсөн билээ.
Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй байгаа шалтгаанаа “Харгиа цэвэрлэх байгууламж стандартаас давсан бохирдолдтой ус нийлүүлж байгаагаас” гэж тайлбарладаг. Тэгвэл Харгиа цэвэрлэх байгууламжийн гол ачаалал нь тус цэвэрлэх байгууламжид бохир ус нийлүүлдэг арьс ширний 23 үйлдвэрээс үүдэлтэй гэдэг. Өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэлгүй хоёр талд бие биеэ буруутгасаар ирсэн арьс ширний үйлдвэрийн эзэд, Харгиа цэвэрлэх байгууламжийн удирлагуудыг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар хүлээн авч уулзлаа.
Технологио шинэчлэх ямар гарц, шийдэл байгаа, түүнд хэчнээн төгрөг зарцуулах тооцоо гардаг талаар арьс ширний үйлдвэрийн эздээс сайд сонирхсон. Харин арьс ширний үйлдвэрийн эзэд өнөөдрийн технологио цаг үетэйгээ нийцсэн, үүнээс өөр шинэ технологи гараагүй хэмээн тайлбарлалаа.
БОАЖ-ын сайд “Би нэг л үндсэн шаардлага тавина. Энэ нь Туул голд стандартын дагуу цэвэршүүлсэн ус нийлүүлэх. Хэрэв технологи шинэчлэгдэх боломжгүй, үүнээс өөр гарцгүй гэж байгаа бол хаахаас өөр аргагүй. Та бүгдэд Туулыг цэвэр урсгах хүсэл байвал өөр шийдэл хай. Төр асуудлыг чинь шийдвэрлэхэд боломжийнхоо хэрээр дэмжиж ажиллана” гэв. Мөн тэрбээр “Та бүгдэд тавдугаар сарын нэгэн хүртэл хугацаа өгье. Энэ хооронд шийдлээ хамтран ярилцаж арга зам боловсруулаад, тооцоо судалгаагаа аваад ир, дахин нэг уулзалт зохион байгуулъя. Түүний дараа боломжгүй гээд өнөөдрийнх шиг байдалтай сууж байвал хаахаас аргагүй. Хэрэв байгаль орчин хариуцсан сайдад нь хаах эрх байдаггүй юм бол хянаж шалгадаг албаныхантай нийлээд энэ байдалтай тэмцэнэ гэдгийг хатуу анхааруулмаар байна” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ