
Туялзуур сэлэмний "Хархорум" анхдугаар лигийн тэмцээн "Хаан" банкны театрт нээлтээ хийлээ. Энэхүү лигийн тэмцээнийг Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын үндэсний олимпийн хороо, Спортын маркетингийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа юм. Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БТСГ-ын дарга Д.Сүрэнхорлоо тэргүүтэй улс төр, бизнесийн төлөөлөл болсон эрхмүүд оролцлоо. Монголын туялзуур сэлэмний холбоо нь байгуулагдаад удаагүй байгаа ч дотоод, гадаадад олон арга хэмжээ идэвхитэй зохион байгуулж, цар хүрээ нь өргөжсөөр байгаа юм. Лигийн тэмцээнд 16 тамирчин оролцож буй бөгөөд 5 сарын 27 хүртэл үргэлжлэх ажээ.
Монголын туялзуур сэлэмчид өнгөрсөн арван хоёр хоногийн турш Хонконгийн мэргэжилтэн Клифф Воны удирдлаган доор бэлтгэл сургуулилтаа хийсэн юм. Ноён Клифф Вон хүүхэд, залууст дасгалжуулагчийн анхан шатны сургалт, шигшээ багт Азийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн эрх олгох тэмцээний бэлтгэлийг нь хангажээ. Тэрбээр Монгол хүүхдүүдийн талаар "Монголчуудад тулалдах сэтгэлзүй нь байгаа нь харагдлаа. Юмыг маш амархан сурч байна. Түүнээс гадна маш хүчтэй тул туялзуур сэлмээр амжилт гаргаж, Азийн дээд түвшинд удахгүй өрсөлдөх нь гарцаагүй" гэсэн юм. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин "Олимпийн хөдөлгөөнд томоохон байр суурь эзэлдэг ч шинээр байгуулагдаад удаагүй байгаа Туялзуур сэлэмний холбоо нь үйл ажиллагаагаа тогтмол сайн явуулж буй холбоодын нэг болоод байна. Тулааны, ганцаарчилсан энэ спортоор монголчууд амжилт гаргах бүрэн боломжтой юм. МҮОХ-ны зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна" гэж нээлтийн ажиллагааны үеэр мөн хэлэв.
Уг ёслолын ажиллагааны үеэр өнгөрсөн жил Италийн Катанья хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцож эх орондоо анхны ялалтыг авчирсан Э.Баярбат, Э.Орхон нарт дурсамж гардуулан өгчээ.
Монголын туялзуур сэлэмний шигшээ баг тамирчид энэ сарын сүүлээр Японы Вакаяма хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ