
Монголд анх удаа жазз амьд хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт болох “Strangers in the night” классик жааз концертыг “Hotspot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатар бие даан “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлаг, Монгол Улсын Филармони оркестр, утсан хөгжмийн уран бүтээлчид хамтран хийх гэж байгаа. Уг тоглолт нь дэлхийн болон Монголын классик поп, жааз хөгжмийн бүтээлийг анх удаа олонд хүртээл болгох гэж байгаагаар онцлог. Тэр дундаа дээрх уран бүтээлчид алдарт Michael Buble болон домогт Frank Sinatra, Elvis Presley, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав зэрэг алдартнуудын бид бүхний сэтгэл зүрхэнд өнөөг хүртэл хоногшсон гайхамшигт дуунуудыг тэр үеийн стиль жанр, өнгө аясаар нь жааз хөгжмийн фенүүдэд мэдрүүлнэ.
Жааз хөгжим сонсогчдын хүсэн хүлээсэн "Strangers in the night" классик жааз концертын ерөнхий ивээн тэтгэгчээр "UNITEL" групп ажиллаж байна. Өөрийн орондоо жааз хөгжмийн урсгал стилийг хөгжүүлэх, сонсогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх гэсэн уран бүтээлчдийн үндсэн зорилгыг дэмжин ажиллаж байгаа тус компанийн хамт олонд гүн талархал илэрхийлж байгааг тоглолтын зохион байгуулагчид ярьж байна.
Түүнчлэн тоглолтонд "HOTSPOT” хамтлаг, жааз дуучин Ц.Хулан, Э.Номин, Б.Солонго, “Киви” хамтлагийн дуучин Ука, “Star Dance” бүжгийн хамтлаг, жүжигчин Э.Ууганбаяр тус тус оролцож нийслэл хотын нэгэн үдшийг жазз хөгжмийн уянгалаг, тансаг эгшиг аялгуугаар чимэх болно.
“Strangers In The Night" жазз концерт 4 дүгээр сарын 13-нд 19.00 цагаас “Тусгаар Тогтнолын Ордон”-д болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ