Ерөнхийлөгч Сарт халимагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсад аж төрж буй халимаг иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Халимаг иргэдийн зарим нь торгууд хэлээр өөрсдийн ахуй амьдрал, удам угсаа, соёл уламжлалынхаа талаар дэлгэрэнгүй ярьж, бас Монгол Улсын тухай, цагаан сар, наадам гээд зан заншлаа хэрхэн хадгалж буй талаар асууж тодруулсан байна. Одоогоос 340 жилийн тэртээгээс энд суурьшин амьдарч эхэлсэн халимагууд нь Ижил мөрний хөвөө, Шинжааны Уйгараас нүүдэллэн иржээ. Киргизэд 12 мянга гаруй халимаг иргэн амьдардаг аж. Халимагууд өөрсдийгөө Сарт халимагууд хэмээн нэрийдэн Киргизийн гурван гацаанд төвлөрөн аж төрж байгаа юм байна. Сарт халимагууд мал аж ахуй эрхлэхээс гадна амьжиргааны гол сурвалж нь газар тариалан аж. Нэг халимаг өрх дунджаар 100-300 орчим толгой мал малладаг бөгөөд тариа ногоо, жимс жимсгэнэ тарьж аж ахуйдаа нэмэрлэдэг байна. Бүгд лалын шашинтай юм. Халимагууд энд ирж суурьшаад таван үе болсон тул эх хэлээрээ тун бага, харин киргиз, орос хэлээр түлхүү ярьдаг болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ