
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт сууц өмчлөгдийн холбооны чанар чансааг шалгасан шалгалтын талаар мэдээлэл хийв. Энэ талаараа дүүргийн удирдлагууд мэдээлэл хийж шаардлага хангахгүй холбооны захирлуудыг ажлаас нь солих хүртэл арга хэмжээ тавьснаа тайлагналаа. Хотын дарга нийслэлийг хоггүй Улаанбаатар болгох захирамжийн биелэлтийг хэрхэн хангаж буйг дүүргийн удирдлагуудаас тодрууллаа. Баянгол дүүрэг гэр хороолол доторхи хог хаягдлыг цэвэрлүүлэх ажил түлхүү хийсэн бол Сүхбаатар хог цэвэрлэх ажилд оюутан залуучуудыг оролцуулснаа, Сонгинохайрхан дүүрэг ч бас оюутнуудыг оролцуулж хашаа, хайс угаах зэрэг ажил хийж эхэлснээ тайлагнав. Ирэх зургаадугаар сарын 1 нээс өмнө Улаанбаатар хот хогноосоо бүрмөсөн салах ёстойг хотын дарга анхааруулаад ингэхийн тулд долоо хоног бүрийн хагас, бүтэн сайн өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгох ёстой гэв. Хогны машины парк шинэчлэлт хийгдэж, ирэх сард 163 хогны машин нэмэгдэх бөгөөд нийслэл хур хогноос салахын тулд нэг тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс тав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Иймд хөрөнгө мөнгө, машин техникийн хүрэлцээ хангамж нэмэгдсэн тул одоо зөвхөн хотоо цэвэр болгох ажилд хүн бүр оролцож байж, хотоо өнгө зүстэй болгоно гэдгийг тэрбээр онцоллоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ