
Цагдаагийн экс удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт, дэд хурандаа Г.Ганбаатар нарыг Сүхбаатар дүүргийн шүүхээс өнөөдрийн дотор өмгөөлөгч авахыг шаардсан байна. Учир нь дээрх шүүгдэгч нарыг шүүх хурал энэ сарын 16-ны өдөр Цагдан хорих 461-р ангийн Шүүхийн танхимд товлогдсон юм. Өмнө нь товлогдсон шүүх хурлын үеэр Ч.Амарболд нарын өмгөөлөгч нар “Шүүх хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байна” гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт эрхзүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.
Анх Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах албанаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч генерал Ч.Амарболд нар холбогдох 21147006 дугаартай эрүүгийн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, Тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 274.2, 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 03 тоот яллах дүгнэлт үйлдэн, 2012 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн хугацаанд 3 удаа товлогдсон ч тодорхой үндэслэлүүдээр хойшилсон юм. Дашрамд дурдахад энэ сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүрэгт эхлэсэн тэднийг шүүх хурлын үеэр шүүгдэгч нарын нэг болох дэд хурандаа Г.Ганбаатарын хэргийг бусад шүүгдэгч нарын хэргээс тусгаарласан нь хууль зөрчсөн үйлдэл гэж зарим хуульчид үзсэн ч шүүхээс энэхүү асуудалд тоймтой тайлбар хийгээгүй өдийг хүрсэн юм. Уг нь бол хуулиараа шүүгч хэргийг тусгаарлаж болдог.
Гэхдээ зөвхөн тухайн шүүгдэгч шүүх хурлын үеэр оргон зайлсан тохиолдолд хэргийг нь тусгаарладаг болохоос шүүгдэгч хуралд хүрэлцэн ирсэн тохиолдолд хэргийг нь тусгаарлан авч үзэх үндэслэлгүй байдаг аж. Тиймээс хэрэг тусгаарласан шийдвэрийг өмгөөлөгч нар нь эсэргүүцэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасныг Ч.Хосбаяр тэргүүтэй шүүгч нар хүлээн авч байсан юм. Улмаар өмгөөлөгч нар бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасныг Ч.Хосбаяр шүүгч хүлээн авсны дараа дахин хууль зөрчин Ч.Амарболд нарыг хорих шийдвэр гаргасан гэж өмгөөлөгч нар үзэж байгаа юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ