
Маргааш Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Харин энэ сарын 14-ны өдрийг хүртлэх төлөв байдлаар, 10-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд Халх голын саваар, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 10-нд говь, талын нутгаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтэн байх боловч цаашдаа дулаарч Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар салхи ширүүсэн, говь талын нутгаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Түүнчлэн цаг агаар огцом дулаарсны улмаас гол мөрний сав газар дахь цас, мөс эрчимтэй хайлж, Хэнтий нурууны баруун хажуугаас эх авсан Туул гол Лүн сум орчмоор, Хэнтий нурууны ар зүүн хажуугаас усжих Хэрлэн гол Мөнгөнморьт орчмоор усны түвшин хоногтоо 7-13 см нэмэгдэж, үерийн түвшинг дунджаар 10 см орчим давж байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг шар усны үерийн аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулав.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ