
Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академиас “Оюуны давалгаа” илтгэх урлагийн уралдааныг энэ сарын 27-нд Тусгаар тогтнолын ордонд зарлаж байна. Уг уралдаанд уран илтгэлийн мэтгэлцээнийг ерөнхий боловсролын 10, 11-р ангийн сурагчдын дунд зохион явуулах юм. Сурагчдыг бие хүн болон төлөвших, харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй зөв боловсон ярьж бусдыг байлдан дагуулах чадварт суралцуулахад энэхүү уралдааны зорилго оршиж байгаа аж.
“Оюуны давалгаа” уран илтгэлийн уралдаан талаар МСХ-ны ерөнхий менежер Р.Батхуягаас тодруулаа.
-Монголын сурагчдын холбооны талаар танилцуулаач?
-Монголын сурагчдын холбоо нь одоогоос найман жилийн өмнө сурагчдын эрх ашгийг хамгаалах, бие даан амьдрах ухаанд сургах, албан бус сургалт явуулах, хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагыг дэмжих зорилготойгоор байгуулагдсан төрийн бус мөн ашгийн бус байгууллага юм. Энэхүү холбоо маань сурагчдадаа чиглэсэн олон ажлуудыг хийдэг юм.
-Лидер сурагч академи нь үйл ажиллагаагаа хэзээнээс явуулж эхэлсэн бэ?
- Монголын сурагчдын холбооны дэргэдэх лидер сурагч академи нь үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй болж байгаа. Үйл ажиллагааныхаа хүрээнд өсвөрийн сурагч багш бэлтгэх болон илтгэх харилцааны соёл хөтөлбөрийг байгууллагуудтай хамтран зохиож байсан. Харин энэ удаагийн илтгэх урлагийн уралдааныг лидер сурагч клубын сурагчид өөрсдөө санаачлан бие дааж явуулах гэж байгаа юмаа.
-Уран илтгэлийн уралдаанд хичнээн сурагч хамрагдах боломжтой вэ?
Одоогоор 160-аад сургуульд мэдэглэлийг хүргүүлээд байгаа юм байна. Илтгэх уралдаанд оролцсон сурагчдаас эхний 20 байрыг шалгаруулан шагнана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ