
Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийн давж заалдах шатны гомдлыг нөгөөдөр нийслэлийн Шүүхэд хэлэлцэнэ. Өнгөрөгч гуравдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд Ш.Чуданжийд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болж түүнийг гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноож байсан юм.
Гэхдээ түүнд оноосон ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан аж. Анхан шатны шүүх хуралд зээлдэгч нараас хүн оролцоогүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч нар оролцож байв. Ш.Чуданжий болон тус банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл анги болон 156 зүйл ангид заасан үндэслэлээр шүүжээ. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, Ш.Чуданжийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцсон юм.
Олон арван хохирогчтой тус банкийг 41.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж 7894 зээлдэгчид хамаарах 168.7 тэрбум төгрөгийн зээлтэй, 84777 харилцагчийн 29.7 тэрбум төгрөгийн харилцах, 25733 хадгаламж эзэмшигчийн 54 тэрбум төгрөгийн хадгаламж, 54.2 тэрбум төгрөгийн төслийн зээлийн эх үүсвэр, Монголбанкнаас авсан зээл 34 тэрбум, гадаадын банкнаас авсан зээл есөн тэрбум төгрөгт хүрч дампуурахад нөлөөлсөн гэж үзэн хууль хяналтын байгууллагаас Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгалт хийж зарим нэгийг нь цагдан хорьж байсан ч прокурорын хяналтын шатанд цагаатгасан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ