Төлбөргүй үзлэг хоёр жил үргэлжлэнэ
Дөчөөс дээш насны хүмүүсийн дунд цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2 болон 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд хөх болон умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үзлэгийг өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд орон даяар эхэлж буй мэдээллийг иргэдэд хүргэж байсан билээ. Уг төсөл Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбараас хариуцан үргэлжлүүлэх эрт илрүүлэх үзлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бүх талаар бэлтгэлээ хангаж байгаа аж. Энэхүү төсөл хэрэгжсэнээр зонхилон тохиолдох Халдварт бус өвчний өвчлөл, эндэгдэл буурах юм. “Цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэг”-ийн үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн Ц. Ундармаагаас тодрууллаа. -Уг Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагааны зорилго, үйл ажиллагааны чиглэлийн талаар? - Ард иргэдийг өвчилснийх нь дараа бус, харин урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиг хандлагыг баримтлаж, халдварт бус өвчний аливаа эрсдэл, хүчин зүйлийг багасгахад энэ үйл ажиллагааны гол зорилго чиглэгдэж байгаа юм. -“Цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэг”-ийн үйл ажиллагаа хэдийг хүртэл үргэлжлэх вэ? -Энэхүү ажиллагаа маань Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр 2 жилийн туршид үргэлжлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ