
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.
-Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ” байгуулаад жил боллоо. Энэ ажил төлөвлөгөөний дагуу явагдаж чадаж байна уу?
-Лондонгийн хөрөнгийн биржтэй ТӨХ болон Монголын хөрөнгийн бирж 2010 оны арванхоёрдугаар сард “Стратегийн түншлэлийн ерөнхий гэрээ” байгуулагдсан бөгөөд үүний дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр “Ажлын мастер гэрээ” байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид их ажил хийлээ. Бидний хийж буй ажил зөвхөн нэг байгууллага буюу Монголын хөрөнгийн биржийн шинэчлэл биш. Энэ бол бүхэл бүтэн салбарын шинэчлэлийн ажил. Хөрөнгийн зах зээл гэдэг Хөрөнгийн биржээс гадна зохицуулагч байгууллага, брокер, диллерийн компани, төлбөр тооцоо гүйцэтгэгч байгууллага, андеррайтер, хөрөнгө оруулагч гээд маш олон оролцогчдоос бүрдддэг. Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээний гол зорилго нь олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх юм.
-Одоо манайд мөрдөгдөж байгаа стандарт Олон улсын стандартаас хэр хуучирч, хоцрогдсон юм бэ?
-Хууль эрх зүйн орчин, дүрэм журам, дэд бүтцийн хувьд асар том зөрүү бий. Тухайлбал, бид ЛХБ-тэй хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийгдэж буй гол ажлуудын нэг болох төлбөр тооцооны системийг шинэчлэх ажил хийгдэж дуусах шатандаа явж байгаа. Энэ нь бид урьдчилсан төлбөрт арилжаанаас Т+3 буюу хэлцэл хийгдсэнээс гурав хоногийн дотор тооцоогоо хийдэг систем рүү хийж буй шилжилт юм. Үүнийг хийхэд манай хөрөнгийн зах зээл дээр төлбөр тооцоо гүйцэтгэх банкууд гээд цоо шинэ оролцогчид орж ирж байна. Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага, брокер диллерүүдийн үүрэг функц нь өөр болж байна. Мөн зохицуулах байгууллага буюу Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын функц нь өөрчлөгдөж байгаа. Үүнийг дагаад төлбөр тооцоо гүйцэтгэх банк хоорондын арилжаа хийгдэх учраас Төв банк энэ харилцаанд орж ирж байна. Ийм өргөн шинэчлэлийг хийхэд технологийн талаас нь шинэчлэх нь зөвхөн нэг хэсэг нь. Эдгээрийг уялдаж зохицуулах төлбөр тооцоо, арилжаа, гишүүнчлэлийн дүрэм журмуудаа олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж баталлаа. Одоо бидэнд олон улсын стандартад нийцсэн хууль эрх зүйн орчны шинэчлэл шаардлагатай болж байна.
-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар болсон. Хуулинд яг ямар өөрчлөлт өөрчлөлт шаардлагатай байгаа юм бэ?
- Дээр хэлсэнчлэн эрх зүйн орчин маань олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн байх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийн тулгуур баримт болох одоогийн Үнэт цаасны тухай хууль маань хуучирч, цаг үеийн шаардлагад нийцэхгүй болсон байна. Бидэнд цоо шинэ эрх зүйн орчин хэрэгтэй болжээ. Учир нь Монголын хөрөнгийн бирж дээр худалдаалдагддаг хувьцаануудыг Хонконг, Лондонгийн гэх мэт томоохон хөрөнгийн биржүүд дээр давхар арилжаалах (Dual listing) эрх зүйн боломжийг нээж өгөх хэрэгтэй. Хадгаламжийн бичиг (Depositary receipt) гаргах боломж, шаардлага үүсч байна. Мөн Т+3 буюу төлбөр тооцооны олон улсын стандартад уялдсан хууль эрх зүйн орчин шаардлагатай байна. Энэ мэт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай зохицуулалууд ус, агаар шиг хэрэгтэй байгаа учир Үнэт цаасны зах зээлийг шинэчлэн найруулах Засгийн газрын ажлын хэсэгт МХБ, ЛХБ-ийн мэргэжилтнүүд орж ажилласан. Олон улсын болон дотоодын экспертүүд, хуульчдын санаа бодлыг тусгасан маш сайн хуулийн төсөл болсон гэж үзэж байгаа. Засгийн газраар хэлэлцсэн. Ойрийн үед нэн тэргүүнд хэлэлцүүлэн батлуулах хүсэлттэйгээр УИХ-д өргөн барина гэсэн. Ажил маш урагштай байгаа.
-Хүмүүс удаан байна гэж шүүмжилж байна. Та эсрэгээр нь хурдтай байна гэж дүгнэж байгаа юм уу?
-Шинэчлэлийн ажлил маань урагшлах тусам цар хүрээ нь улам тэлж байна. Гэхдээ манай Хөрөнгийн биржийн хамт олон, брокер диллерүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо гээд бүгд энэ ажлыг дэмжиж, нааштай уур амьсгал дунд энэ ажил маань явагдаж байна. Төр засгийн удирдлагуудын зүгээс ч маш их дэмжиж байгаа. Хийсэн ажлын маань анхны үр дүнгүүд маань гарч байна. Энэ ажил зөвхөн биржийнх биш маш олон оролцогчид, байгууллага уялдаа холбоо шаардсан ажил. Цоо шинэ үүрэг функц, эрсдэл орж ирж байгаа. Бусад газар 5-20 жил хийх реформын чанартай энэ ажлыг бид нэг жилийн дотор хийлээ гэж үзэж байна.
-“Милениум IT” технологийн шинэчлэлтийн ажил ямар хэмжээнд байна вэ?
-Системийн суурилуулалт хийгдэж дуусаад туршилт эхлээд гурван долоо хоног болж байна. Систем маань Хөрөнгийн биржийн арилжааны систем, брокер диллерүүдийн терминал, төлбөр тооцооны систем, төлбөр тооцоо гүйцэтгэх банкуудын систем, хяналтын систем гээд маш олон хэсгээс бүрдсэн цогц зүйл.
-Гэрээний санхүүжилтийн хувьд системийн шинэчлэлтийн зардлаа одоо болтол гүйцэд авч чадаагүй байгаа гэсэн. Одоогоор хэчнээнийг нь аваад байгаа юм бэ?
-Шинэчлэлийн ажил маань нийт 14.2 сая ам.долларын өртөгтэй. Бид арилжааны банкнуудаас бага хүүтэй 5.8 сая ам.долларын зээл аван санхүүжилтээ шийдвэрлээд өнгөрсөн жилийн улсын төсвийн тодотголд тусгуулан зээлээ эргэн төлсөн. Үлдсэн мөнгөний асуудал шийдэгдээгүй байгаа. Энэ асуудлыг бид холбогдох байгууллагад нь тавиад явж байна.
-Одоо авсан 5.8 сая ам.долларыг юунд зарцуулаад байгаа вэ. Энэ мэдээлэл хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцож байгаа нэг хэсэг хүнд сонин байгаа гэдгээ биднээр дамжуулсан юм?
- Милениум IT цогц программ хангамж (software)худалдаж авсан. Мэдээж энэ программ нь хямд биш. Мөн Милениум IT-тэй уялдаж ажилдаг бүрэн техник хангамж (hardware) авлаа. Дүрэм журам, хууль эрх зүйн орчины зохицуулалтуудыг боловсруулсан олон улсын экспертүүд авч ажиллуулсан. ЛХБ-ээс манай дээр тогтмол баг ажиллаж байгаа. Тэдний цалин хангамжинд зарцуулж байна. Түүнчлэн энэ салбарт ажиллаж байгаа Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, брокер диллер, банкны 60 хүнийг Улаанбаатарт болон Лондон хотуудад ЛХБ-ийн академид сургасан.
-Энэ шинэчлэлт манай брокер, диллерүүдэд өртөг өндөртэй хүрч байна. Одоо мөрдөгдөж буй нэмэгдүүлсэн төлбөр хураамж, Хонконгоос 2.7, Оросоос 17 дахин өндөр байна. Энэ нь эргээд үндэсний брокеруудаа шахах бодлого болж байна гэж зарим хүн хэлж байсан. Мөн та “Милениум IT” системийн шинэчлэлтийн туршилтад оролцоогүй брокеруудын арилжаа хийх эрхийг нь хасна гэж мэдэгдсэн байсан. Яагаад ийм зөрчил үүсээд байна вэ?
-Эрхийг нь хасна гээгүй ээ. Журмынхаа дагуу энэ туршилтад оролцох ёстой гэсэн шаардлага хүргүүлсэн. Учир нь туршилтын хугацаа дуусаад шинэ систем ажилаад ирэхээр манай брокерууд дахиж хуучин систем дээрээ ажиллахгүй гэсэн үг. Тиймээс туршилтын хугацаанд шинэ систем дээрээ бүгд үйл ажиллагаагаа явуулж, туршилт хийх ёстой. Энэ үүднээс бид брокер, диллерүүдээ туршилтанд өргөнөөр оролцох шаардлага тавьсан. Иж бүрэн шинэчлэлт хийгдэж байна, энэ ч утгаараа шинэ системийг брокер диллерүүдийн хувьд өртөг өндөртэй боллоо гэж бодохгүй байна. Брокер диллерүүдээс авах жилийн хураамж буюу Хөрөнгийн бирж дээр ажиллах жилийн эрх 500 мянган төгрөгний үнэтэй байсан. 2001 оноос хойш мөрдөгдсөн энэ хураамжийг бид 2.5 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ бол өндөр хураамж биш.
-Бусад татаасуудын хувьд бусад улсаас өндөр байгаа юм биш үү?
-Шинээр IPO хийж байгаа, үнэт цаас гаргаж байгаа компаниас авах хураамж олон улсын бусад зах зээлийн ханшаас өндөр байна гэдэг асуудлыг андрейтеруудаас тавьсан. Үүнийг бид судлан үзэж эргэн харж байгаа.
-Энэ асуудлаас үүдэн Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос нэг өдөр ажил хаялт зарлана гэх асуудал яригдаж байгаа юм билээ. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоогоор ийм мэдээлэл аваагүй байна. Манайх өнөөдөр 78 гишүүнтэй. Бүх гишүүд маань ажил хаяна гээгүй байлгүй дээ. Бидний зүгээс тавьсан хураамж тийм өндөр биш. Энэ шинэчлэлийн ажлыг бид юунд зориулж хийгээд байна вэ гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Бид зүгээр л мөнгө олох гэж хийгээгүй. Юуны өмнө манай хөрөнгийн зах зээл дээр шинэ шинэ бүтээгдэхүүнүүд гарах боломж бүрдэнэ. Тухайлбал, Төрийн өмчит компаниудыг хаалттай биш, ил тод хөрөнгийн биржээр хувьцааг нь арилжих замаар үнэд хүргэн хувьчлах боломж бүрдэж байна. Мөн Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Лондон, Нью-Йорк, Австрали, Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан компаниуд МХБ дээр давхар хувьцаа гарган арилжаалах боломжтой болно. Эдгээр компаниуд ч тодорхой шалтгаанаар манай дээр хувьцаагаа арилжих маш их сонирхолтой байдаг. Гэтэл манайд хууль эрх зүйн орчин, төлбөр тооцооны системийн боловсронгуй бус байдлаас үүдэн манай дээр арилжих боломжгүй байна. Бид энэ боломжийг нээхээр ажиллаж байна. Энэ нь дэлхийн томоохон биржүүд дээр арилжаалдаг бүтээгдэхүүнийг бид худалдаалдаг болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бирж ТҮЦ-нээс супер маркет болж байна гэсэн үг. Ингэснээр зэх зээл дээрх хөрвөх чанар сайжирч манай дотоодын аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж нэмэгдэнэ. Монголын уул уурхайн компани л биш бол олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоход бэрхшээлтэй байдаг. Тиймээс манай дотоодын компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр шаардлагатай хөрөнгө татах боломжийг бид нээх гэж байна. Үр дүн нь эргээд манай санхүүгийн бүтцэд, цаашлаад эдийн засагт өгөөжөө өгнө.
-Хөрөнгийн биржийн шинэчлэлийн хүрээнд хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь Тавантолгойн IPO. Хонконгийн хөрөнгийн биржээс Тавантолгойн хувьцааг гаргахад Үнэт цаасны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн санал хүргүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөх үү?
-Би түрүүн хэлсэн, манай зах зээлийн эрх зүйн орчины шинэчлэлт ус агаар шиг хэрэгтэй байна гэж. Ялангуяа Тавантолгой шиг ийм том IPO гарч байгаа тохиолдолд олон улсын давхар бүртгэлгүйгээр процесс явуулах боломжгүй. Тийм ч учраас Үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хууль маань маш хурдан УИХ-аар батлагдах байх гэж найдаж байна.
-Тавантолгойн IPO-г хийхэд Монголын хөрөнгийн биржид хэр хугацааны цаг шаардлагатай байна вэ. Үүнийг монголын ард түмэн хүлээж байна?
-Олон улсын жишигт нийцсэн хууль эрх зүйн орчинтой болох, төлбөр тооцооны шинэ горимдоо л богино хугацаанд шилжих хэрэгтэй байна. Төлбөр тооцооны системийг орчин үеийн болгох нь маш чухал. Одоо байгаа эрх зүйн орчин, төлбөр тооцооны тогтолцоонд гадны хөрөнгө оруулагчид манай зах зээл дээр худалдаалж байгаа хувьцааг худалдаж авахын тулд валютаа төгрөг болгон урьдчилж байршуулаад хэдэн төгрөгөөр ямар хувьцаа авахаа мэдэхгүйгээр гүйлгээ хийх шаардлагатай болдог. Энэ нь их мөнгөн дээр ханшийн зөрүүнээс эхлээд олон эрсдэл гаргадаг. Дээр нь хүссэн үнээрээ тэр хувьцаагаа авах уу, үгүй юу гэдэг нь тодорхой биш байдаг. Гэтэл олон улсын стандарт нь бол өнөөдөр хэлцэл хийгээд гурав хоногийн дотор төлбөр тооцоогоо хийх систем байдаг. Энэ тулгуур өөрчлөлтийг хийлгүй явсан нь манай хөрөнгийн зах зээлийн хөгжлийг боомилж байсан гол хүчин зүйлийн нэг юм.
-Иргэдийн хувьд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт хэр байна гэж үзэж байна. Хөрөнгийн бирж дээр ирээд энэ зах зээлийн харилцаанд оролцохоор ирж байгаа хүмүүсийн урсгал ямар байна вэ?
-Иргэдийн хувьд хөрөнгийн зах зээл, хувьцааны давуу талын талаар ойлголт өндөр биш байгаа. Тийм ч учраас төр засгийн зүгээс Тавантолгойн талаар гаргасан тогтоолд ард иргэдийн хөрөнгийн зах зээлийн боловсролыг сайжруулна гэж заалт оруулсан байх. Үүний дагуу тодорхой ажлууд хийгдэж байгаа. Хэдийгээр өөрсдийн үндсэн ажил биш ч хөрөнгийн биржийн зүгээс ч энэ ажилд анхаарал хандуулж байна. Манайх дотроо Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төв гэдэг бүтэц байгуулсан. Энэхүү бүтцээрээ бага ч гэсэн олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаархи мэдлэгийг сайжруулах арга хэмжээ авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа.
-Хүмүүс хувьцаа гэхээр цэнхэр, ягаан тасалбарын түүхийг давтах вий гээд болгоомжлоод байх шиг байна. Тавантолгойн хувьцаа үүнээс ялгаатай болж чадах болов уу?
-Монголын хөрөнгийн зах зээл 21 настай. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэм рүү шилжихдээ төрийн өмчийг хувьд шилжүүлэх шаардлага үүссэн. Үүнийг хийх механизм нь хөрөнгийн зах зээл болсон. Ийнхүү Хөрөнгийн бирж байгуулагдсан. Аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлийн давуу талыг таниулалгүйгээр, хувьчлах зорилгоор МХБ-д 500 орчим аж ахуйн нэгж бүртгэж, цэнхэр, ягаан тасалбар гарган иргэдэд тараан ваучерын хувьчлал хийсэн. Энэ үүргээ тодорхой хэмжээнд амжилттай гүйцэтгэсэн. Одоо цоо шинээр хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар нь бий болгох ажил явагдаж байна.
-Сонгодог утгаараа Монголд хөрөнгийн зах зээл хөгжихөд хэр хугацаа шаардагдахаар байна. Өөрөөр хэлбэл, нийгмээрээ энэ талын харилцааг мэддэг болоход хэр хугацаа хэрэгтэй вэ?
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь маш олон оролцогчид, хүчин зүйлээс хамааралтай. Энэ зах зээл маш олон давуу талыг нийгэмд бий болгодог. Тухайлбал, олигархийн засаглал гэж бид байнга ярьдаг. Өнөөдөр манай улсын зарим томоохон аж ахуйн нэгжүүдийг хэсэг бүлэг хүмүүс эзэмшиж байна гэдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд ч өнөөдөр үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор нэмэлт хөрөнгө босгох сонирхол бий. Үүнээс үүдэн компаниа олон нийтийн буюу хувьцаат компани болгох сонирхол бий болж байна. Нөгөө талаас эдгээр компаниуд, төслүүдэд хувьцаа эзэмших замаар хөрөнгө оруулалт хийх сонирхолтой иргэд болон гадны институциональ хөрөнгө оруулагчид байгаа. Хөрөнгө оруулах хамгийн найдвартай арга бол хувьцаа худалдаж авах байдаг. Дотоодын хуримтлалтай хүмүүс, гадны хөрөнгө оруулагчид, дотоодын аж ахуйн нэгжүүдэд энэ харилцаанд оролцох замыг нь нээж өгөх боломж, дэд бүтэц хэрэгтэй байна. Энэ нь аль аль талдаа харилцан ашигтай харилцаа. Олигархийн гэгдэх засаглалыг өөрчлөх хамгийн том механизм нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэж үзэж байна.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ