Л.Гантуяа: Миний дүү Л.Байгальмааг хар тамхины хэрэгт хутгаагүй

img

Амьдралын шаардлагаар хар тамхи тээгч болж, хятадын шоронд хоригдож байгаа Л.Байгальмаагийн хамсаатнууд гэгдэх Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт холбогдох  хэргийн шүүх хурал өчигдөр товлогдсон ч хойшилсон. Хар тамхины сүлжээний гол зохицуулагч гэгдэж байгаа энэ хоёр эмэгтэйг зуучлагч байгаагүй гэдгийг тэдний ар гэрийнхнээс хэллээ.

Гэмгүй байсан хүнийг учир мэдэхгүйгээр нь далимдуулж хар тамхины хэрэгт унагасан гэж Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарыг Л.Байгальмаагийн ар гэрийнхэн буруутгадаг. Гэтэл Л.Гантуулын ар гэрийнхэн өөр зүйлийг ярив.

Л.Гантуул нь Хятадын Гуанжуд дэлгүүр ажиллуулдаг байжээ. Ё.Оюунбилэгтэй галт тэргэнд танилцаж байсан гэнэ. Нэг удаа дэлгүүртээ худалдагч хийлгэчихээр нас намба суусан хүн таньдаг эсэхийг Л.Гантуул Ё.Оюунбилэгээс асууснаар Л.Байгальмаатай танилцсан гэнэ.

Л.Байгальмаагийн хувьд Ё.Оюунбилэгтэй нэг хашаанд хамт амьдардаг байжээ. Ингээд Л.Байгальмааг дэлгүүртээ ажиллуулсан. Сар гаруйн хугацаанд ажиллаад Л.Байгальмаа ажлаасаа гарч, монгол руу явна гэсэн. Гэтэл ажлаас гарсных нь дараа,  өнгөрсөн оны долдугаар сард Л.Байгальмаагийн нөхөр эхнэрээ хүний наймаанд алдчихлаа, Л.Гантуул, Ё.Оюунбилэг нартай холбоотой гэж ГХЯ-нд хандсанаар асуудал үүссэн гэж Л.Гантуулын эгч нь хэллээ.

Түүнээс биш миний дүү тэгж хүнд хар тамхи зараад явдаг хүн биш. Манай аав ээж л гэхэд дөрвөн хүүхэд төрүүлж өсгөчихөөд дөрвөн хүүхэд өргөж авсан хүмүүс байдаг. Бидэнд тийм ёс зүй байхгүй гэж Л.Гантуяа хэлэв.

Энэ хэрэгт Л.Гантуулын дүү Л.Гандаваа ч сэжиглэгдэж байгаа. Түүнийг Л.Байгальмаад 1000 доллар өгч хар тамхи захисан гэж үзсэн. Нэг жилийн хугацаанд байцаагдаж, ажил төрөл ч хийж чадахгүй байгаа. Хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй, Л.Байгальмаа ч хятадаас захидал бичиж мэдүүлэг өгөхдөө энэ хоёр хүнтэй холбоогүй гэдгээ хэлсэн гэж тэрээр үргэлжлүүлэв.

Харин Л.Байгальмаагийн нөхөр, энэ хэргийн гэрч Ё.Батсуурь энхийн цагаан тагтааг буруутгаж байгаа юм шиг зүйл ярилаа. Хятадтай ялтан солих гэрээ хийчихвэл Байгальмаа нутагтаа ирнэ. Тэгвэл үхсэн үг хэлдэггүй гэдэгтэй ижил хандаж байгаа энэ хүмүүсийн яриа худал болох нь тогтоогдоно гэж байна.

Хоёр тал гэмгүй гэдгээ хэн хэн нь баталж чадна гэдгээ хэлж байна. Харин хэнийх нь үнэн жинхэнэ үнэн бэ гэдгийг 15 хоногийн дараа болох шүүх хурал харуулна. Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт холбогдох хар тамхины шүүх хурал энэ оны  24-ний өдөр товлогдсон юм.

Л.Ариун-Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ