Т.Мөнхбаярт тэнсэн харгалзан ял ногдууллаа

img

Т.Мөнхбаярт нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс тэнсэн харгалзах ял ногдуулсан байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн АН-н даргаар  17 жил ажилласан нэгэн. Хэдийгээр олон жил дүүргийн намын даргаар ажилласан ч орон нутгийн сонгуулиудаар сөрөг намд далаараа үргэлж тавиулдагт нь бухимдсан намын гишүүд нь түүнийг өнгөрсөн жил намын даргын хариуцлагатай албанаас буулгасан. Дүүргийн намын даргын суудлаас зүй бусаар халагдсан хэмээн өөрийгөө өмөөрч, заргалддаг Т. Мөнхбаяр нь ёс зүйгүй авирладагаараа алдартай.  Тэрбээр өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ҮЗХорооныхоо хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч болон дотоод сонгуулийн хорооны даргыг хэлэх хэлэхгүйгээр заналхийлж байсан талаар хэвлэлээр цацагдаж байсан. Харин 2009 оны 12-р сарын 13-нд  олон нийтийн газар эмэгтэй хүнийг зодож, биед нь гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан хэмээн цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, хэрэг нь прокурорт шилжсэн юм. Прокуророос Т.Мөнхбаярт дөрвөн жилийн хорих ял төлөвлөсөн ч энэ сарын 8 буюу уржигдар нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс Т.Мөнхбаярын үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан байна.

Х.Идэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ