Г.Энх-Амгаланд оногдуулсан хорих ялыг 3 жил 6 сар болгон өөрчлөв
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Энх-Амгаланд холбогдох эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
Г.Энх-Амгалан нь 2010 оны 11-12 дугаар саруудад ОХУ-ын Владивосток хотод аялан тоглолттой байх үедээ бэлтгэл болон тоглолтын үед алдаа гаргалаа гэж ялимгүй зүйлээр шалтаглан 13 настай жүжигчин О-г төмөр таягыг зэвсгийн чанартай хэрэглэн дух руу нь цохиж танхайрсан гэмт хэргийг үйлджээ. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Владивосток хотод, 2010 оны 12 дугаар сарын 18-наас 2011 оны 1 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Хабаровск хотод, 2011 оны 1 дүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 26 хүртэлх хугацаанд Красноярск хотод бэлтгэл болон тоглолт дээр алдаа гаргалаа гэж ялимгүй зүйлээр шалтаглан О-г удаа дараа шанаадах, алгадах, үснээс нь зулгааж хана мөргүүлэх, гуя болон чихнээс нь зулгааж, чимхэх, элэгдэх зэргээр байнга зодож, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн байна. Түүнчлэн 2010 оны 12 дугаар сард ОХУ-ын Хабаровск хотод байхдаа алдаа гаргалаа хэмээн загнаж, хохирогчийн Моторолло маркийн 150.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хана руу шидэж, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан аж.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийг 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Г.Энх-Амгаланд 5 жил 1 сар хорих ял оногдуулсан байна.
Нийслэлийн шүүх дээрх хэргийг 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Г.Энх-Амгалан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан бодит хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүнд ял шийтгэл хөнгөрүүлж оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн, мөн прокурор хуульд зааснаас доогуур ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 551-д зааснаар Г.Энх-Амгаланд оногдуулсан хорих ялыг 3 жил 6 сар болгон өөрчлөв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ