Зам засварын ажил там болж хувирах нь
2012-06-14

Урин дулааны улирал эхэлсэнтэй  зэрэгцэн  нийслэлд энд тэндгүй зам засварын ажил өрнөж байна.Энэ жилийн хувьд  их хотод 73 км  замын засвар шинэчлэл   төлөвлөгөөний дагуу   өнгөрөгч дөрөвдүгээр сараас  эхэлсэн. Албан мэдээгээр зам засварын ажилд нийт 67 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс улсын төсвөөс 1,8 сая төгрөг,  нийслэлийн төсвөөс  7,6 сая төгрөг,  нийслэлийн замын сангийн 9,4 сая төгрөг  тус тус зарцуулах гэнэ. Энэ онд  Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оноос хэрэгжиж буй 12,3 км шинэ авто замын барилгын ажил үргэлжлэх бөгөөд  Ботаникийн эцсээс Шархадны эцэс хүртэлх 6,5 км замын ажлыг эхлүүлэхээс гадна Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Энгельсийн гудамжийг Их тойруутай холбох “Нарны гүүр” гүүрэн гарцны барилгын ажил мөн энэ онд үргэлжлэх юм. Жил бүрийн энэ цагт Улаанбаатар хотын нэг сая орчим иргэн зорчдог авто замын  өнгө үзэмж, чанар чансаа, завсар шинэчлэлээс үүдэлтэй түгжрэл, ачаалал, иргэдийн бухимдал үүсдэг уламжлал хэвээр үргэлжилсээр. Уг  нь  засвар шинэчлэлийг хотын   оршин суугчдад төвөн багатай гүйцэтгэж,  хяналт шалгалтад онцгой анхаарна гэж удирдлагууд амласан ч  энэ нь цаасан дээр бууснаас цаашгүй. Түүнчлэн зам засварын тендер будлиантсанаас ажил удааширдаг байдлыг хална гэж Нийслэлийн авто замын газраас сүржин мэдэгдэж байсан ч  дорвитой ажил хийгдээгүй наадамтай золгох нь.

Тухайлбал Дэнжийн 1000-ыг Хайлаасттай холбосон гэр хороолол доторхи замууд болон Сүхбаатар дүүрэг Монгол III сургуулийн арын орон сууцны хороолол дундах зам засварын ажил ирэх долдугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусна гэж гүйцэтгэгч “Оч наран” компанийн инженер Хотын даргад амлаж байсан удаатай. Гэвч Дэнжийн 1000-ын автобусны буудлын эцсээс гэр хороолол дунд тавих 1,2 км автозамыг ажлын явц  өдгөө 40 орчим   хувьтай  л байна.  Цаашаа гэр хороолол дунд Дэнжийн 1000-ыг Хайлаасттай холбосон 4,1 км замын ажлыг “Өргөн говь” компани хийж байгаа.  Энэ зам ашиглалтад орсноор гэр хороолол дундах түгжрэлийг багасгах түүнчлэн иргэд ая тухтай зорчих боломж бүрдэх юм. Гэвч дээрх замын ажил бас  л сунжрах төлөвтэй. Уг нь энэ жилийн зам засварын ажлыг долдугаар сарын нэгэн гэхэд дуусгах үүрэг салбар нэгжүүдэд даалгасан ч энэ  нь үлгэр болж хувирч байна. Уг нь Нийслэлийн авто замын газар  инженер техникийн ажилчдын дунд мэргэжлийн түвшин тогтоох шалгалт авч, нийслэлийн авто замын инженерүүдийг дайчлан, гүйцэтгэгч байгууллагуудад тавигдах норм дүрмийг шинэчлэн боловсруулсан ч тэрхүү норм журмыг мөрддөг компани ч алга. Энэ жил зам засварын тендерийг олон нийтэд ил тодоор зарлан, сонгон шалгаруулсан гэдгээ  Нийслэлийн авто замын газар мэдэгдсэн ч  завсарын ажил дуусахад хоёр долоо хоног үлдээд  байхад бахь байдгаараа л энд тэндгүй энхэл донхолтой зам, шороо тоос, иргэдийн бухимдал түгжрэлтэй хамт баяр наадмаа  угтах нь. Уг нь цаг тухайд нь ажлаа гүйцэтгэж хүлээлгээд өгчихвөл нь засварын ажил намартай золгож дахиад л иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрэхгүй л юмсан.

  Сурвалжлагч Н.Бүжин Гэрэл зургийг: Б.Батжаргал
Shuud.mn
Сонин хачин