Сирийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жихад Макдисси тэдний улсад химийн зэвсэг байгаа талаар далд утгатай мэдэгдэл хийсэн байна. Тэрээр химийн зэвсгүүдийг сайн хадгалсан, мөн энэ зэвсгээ хэзээ ч ард иргэдийнхээ эсрэг хэрэглэхгүй харин зөвхөн гадны түрэмгийлэл тулгарвал л хэрэглэнэ гэсэн юм. Гэхдээ дараа нь “Хэрвээ ийм зэвсэг байвал” хэмээн байдлыг будлиантуулсан байна.
Харин энэхүү мэдэгдлийг даган хатуухан мэдэгдлүүд ар араасаа гарч байна.
НҮБ-ийн нарийн бичгийн дарга Бан Ги Мун ямар нэг байдлаар химийн зэвсэг хэрэглэнэ гэдэг санаа маш буруу хэмээн зэмлэсэн бол АНУ илүү ширүүн мэдэгдэл хийсэн байлаа.
Ерөнхийлөгч Барак Обама “Ийм төрлийн зэвсэг хэрэглэх ямар ч үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ ашиглавал олон улсын холбоо болон Америк улс Сиритэй хариуцлага тооцно” гэж хэлсэн юм.
АНУ-ын албаныхан энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээс татгалзсан боловч Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Израйльтай өнгөрөгч долоо хоногт хийсэн айлчлалаараа энэ талаар хэлэлцсэн гэдгийг тодруулжээ.
Ц.Мишээл