10 сая төл бойжиж байна
2013-05-01

  Мал аж ахуйн салбарын хаваржилтын байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас танилцуулга, мэдээлэл гаргажээ. Тус танилцуулагад дурдснаар манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10.1 сая  эх мал төллөж, 10сая төл буюу гарсан төлийн 99 хувь нь бойжиж байгаа юм байна. Одоогийн байдлаар 310552 толгой мал зүй бусаар хорогджээ. Хаваржилтад нөлөөлөх хүндрэлийн нэг хэсэг болох хээрийн түймэр сүүлийн нэг сарын хугацаанд 14 аймгийн 18 сумын нутагт 20 удаа гарч 35833 га бэлчээрийн талбай өртөж байгаль экологийн хувьд 19.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Дорнодын Чулуунхороо, Баяндун сумын хээрийн түймэрт гурван өвөлжөө шатаж, 20 адуу түлэгдсэн байна. Хүндрэлийн нөгөө хэсэг нь өвөлдөө ихээхэн хэмжээний цас орсон Хөвсгөл, Архангай, Завхан, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудад ойрын хоногуудад нийт нутгаар эрс дулаарч байгаатай уялдан голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлахын зэрэгцээ томоохон голуудад мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл идэвхжиж байгаа аж. Тиймээс томоохон голын сав газар, голын дагуу нутаглаж буй малчид, ард иргэдийг шар усны үерийн аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын гол мөрний сав дахь малын сэг зэм шар усны үерээр урсаж, гол нуурыг бохирдуулах аюултай тул голын сав, татамд цэвэрлэгээ хийж, сэг, зэм устгах, малын өвчин эмгэг дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар аймгуудын ХХААЖДҮГ-уудад зөвлөмж хүргүүлжээ. “Малчиддаа туслая” аяны хүрээнд 440.0 гаруй сая төгрөгийн хандив цугларснаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгуудын 55 сум, Улаанбаатар хотын 3 дүүрэгт нийт 1215 тн тэжээл, 2000 боодол өвс, 50 сая төгрөгийн бараа материал, хүчтэй шуурганы улмаас гэргүй болсон Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 малчин өрхөд гэр олгосон байна.

Төл бойжилтын судалгааг энд дарж үзнэ үү

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин