Баялгаа мэдлэгээр жигүүрлүүлье
2013-08-02

Ярьдаг хэлдэг маань л уул уурхайгаас ашиг олж баахан мөнгө хармаалаад дэлхий даахгүй баян тарган улс болох гэнэ. Хөөрхий Африкт хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулалтыг өгөв дөө. Нөгөө л бахь байдгаараа. Орж ирсэн мөнгийг нь хэдхэн бүлэглэл хувааж аваад хоорондоо байлдаад эхэлнэ. Эсвэл хэсэг нөхдүүд ханаж цадахаа мэдэхгүй бирд шиг ховх сорчихно. Энүүхэн хойно Сибирийн бүс нутгийг анзаар. Байгалийн асар их баялаг иргэдэд огтоос падгүй. Вагон вагоноор мод, байгалийн хий, газрын ховор элемент зүүн хойд Ази руу өдөр шөнөгүй цуваастай. Мэдлэгийг баялаг болгоогүй нь гай шүү дээ. Гэтэл бид дандаа ухаж аваад гаргах, хяргаж самнаж аваад л гаргах... Дусал ч хөлс, ямхын мэдлэг ч наахгүйгээр гаргаад гаргаад л байх сонирхолтой. Ийм улс хөөсөрч хөгждөг жишээ олон бий. Хөөс хагараа л бол бид юу ч үгүй.

Үнэхээр бидэнд мэдлэгт суурилсан эдийн засгийг түлхүү хөгжүүлж, шинэ санаачлага, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. Алийн болгон бусдын түүхий эдийг бэлдэж өгдөг улс орон байхав дээ. Манай улс  арьс  шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай түүхий эд болон зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээ ч нэмүү өртөг шингээхгүй, түүхийгээр нь экспортод гаргаж байна. Бидний үйлдвэрлэж буй нийт  бүтээгдэхүүний 98 хувь технологи бага шингэсэн буюу нам технологийг ашигласан байгаа юм. Тиймээс л үүнийгээ боловсруулж, нэмүү өртөг шингээсэн технологийг өргөн ашиглахын тулд мэдлэгээ оюуны эргэлтэд оруулж баялаг бүтээх боломжийг нээж өгсөн цагт л жинхэнэ баялаг үйлдвэрлэгчид болж чадна.

Мэдлэгийг баялагт хувиргах Инновацийн хууль бидэнд бий. Шинжлэх ухааны парк бий болгохоор ч шийдсэн. Харамсалтай нь Монголын хууль гурав хоног гэгчээр ингэс тэгсхийгээд мартагдчихсан. Үндэсний шинэтгэлийн хороо хариуцаад таван бүст нэг нэг ийм парк байгуулах үүрэгтэй. 2016 онд эхний хоёр нь ашиглалтад орох учиртай. Бас л сураггүй. Үүнийг санхүүжүүлэх зорилгоор хуулийн дагуу Засгийн газрын эх үүсвэрээр буюу гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулалтын 0.5, ашгийн 0.5 хувиар бүрдүүлэх естой. Бас л аниргүй. Энд тэнд баахан хурал семинар, яриа хэлэлцээрээс цааш гарсангүй. Энэ зуурт түүхий эдээ гадагш гаргасаар салбар бүрт өндөр техник технологи үгүйлэгдсээр л байна. Эрүүл мэнд, мал ургамлын гаралтай түүхий эдийг иж бүрэн ашиглаж, био бэлдмэл үйлдвэрлэхээр ажилладаг нэгэн компанийн мэргэжилтэн “Бид их олон төрлийн шинэ технологи бий болгосон. Харамсалтай нь засаг дэмжихгүй байна. Тухайлбал, гал ноцож эхлэх үед их утаа ялгардаг учир хурдан асаах ноцоогчийг бий болгох боломжтой байна. Дараагийнх нь манай улсын газар нутгийн 70 орчим хувь цөлжиж буй. Үүнд уул уурхайгаас үүдэж зам газар талхлагдаж тоос ихэсч мөн хот суурин газруудад ч тоосжилт их байна. Тиймээс үүнийг шийдэх өндөр технологийн судалгааг хийчихсэн байгаа. Цаашдаа мөн аливаа жимс, хүнсний ногоо, ургамлыг хамгаалах химийн бодисыг манайх импортоор авдаг бид үүнийг өөрсдөө үйлдвэрлэж эхлэх боломж ч бий” гэж ярьж байв.

Гэтэл гэтэл...Мөнөөх төрийн босгон дээр ирээд бүдэрчих жишээтэй. Инновацийг хөгжүүлэхийн тулд бизнесийн таатай орчин, өрсөлдөх чадвар гээд эдийн засгийн бүхий л асуудал хамааралтай. Инновацийн хөгжлийн төвшин өнөөдөр 20-30 хувьтай байна. Эдийн засгийн өсөлт, багтаамжтай харьцуулахад тун өчүүхэн. Олон улсын үйлдвэрлэгчдийн ассоциацаас өнгөрсөн онд 142 орныг инновацийн орчноор нь жагсаахад манай улс 112-р байранд орсон. Монгол хүний толгой хаанахын хэнээс ч дутахгүй. Дэмжлэг байхгүй улмаас л мэдлэг боловсролтой нэгнээ гадагшаа үнэгүй экспортлоод байгаа юм. Уг нь тэр мэдлэгийг үл шавхагдах мөнгөний эргэлтэд оруулсан бол ч. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаад байгаа юм бол энэ жижиг дунд үйлдвэрүүдийнхээ санаачилж байгаа инновацийн технологийг нь санхүүжүүлээд өг л дөө. Нөгөө дуулиан шуугиант Чингис бонд ч юм уу, Оюутолгойн ашгаасаа жаахныг хэлтлээд өгчих. Экспортын 91 хувийг зэс, нүүрс, үлдсэн хувийг ноос ноолуур бүрдүүлж байгаа Монголд гагцхүү хүний мэдлэгт тулгуурласан технологи шингэсэн бүтээгдэхүүн л алга байна. Бид инновацийн орчноороо нэлээд хойгуур байранд ордгийн шалтгаан нь өнгөрсөн онд манайд шинжлэх ухаан технологийн 300 гаруй төсөл хэрэгжсэнээс ердөө гурван л шинэ бүтээлийн гэрчилгээ авсантай холбоотой. Бусад орны жигээс харж байхад 10 төслийн дор хаяж 2-3 нь өндөр үнэлэгдэж, үйлдвэрт ашиглагдаж иргэдийнхээ амьдралд үр өгөөжөө өгдөг байна. Ийм учраас инновацийг  хөгжүүлэхийн тулд бизнесийн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа юм даа.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
Н.Бадамжав:
saihan niitlel boljee
2013-08-02