Такси № 8
2013-08-07

Таксич Хоовон миний таксинд явсан адал явдлынхаа 8 дахь тэмдэглэлийг хүргэж байна. Урд гарсан 7 цуврал тэмдэглэл адал явдлыг нэгтгэн унших хүсэлтэй хүмүүс байгааг сонсч  их баярласнаа хэлье. Сайтын дээр баганад байгаа такси гэдэг цэс дээр дарахад бүгдийг нэг дор уншиж болохоор хийсэн гэж сайтын админ залуу надад хэлснийг уншигч танд уламжилья. . Намайг тоож, миний нойроо хасан явж бичдэг энэхүү цуврал тэмдэглэлийг уншиж байгаа бүх хүнд таксич, иргэдийхээ өмнөөс талархаж баярлаж байгаагаа илэрхийлж байна аа. Ингээд нэгэн архи алиа явдалд нэлээн “халуурсан” залууд хань болж шөнийн клубт “зад савсан” талаарх адал явдлыг энд буулгасан байгаа. Их хотын шөнийн амьдрал ч үнэхээр эрээн бараантай шүү. 1.Ум Мани Бадми Хум... Бөөн тор ачаа болсон хоёр эмэгтэй вокзал хүргээд өгөөч гэлээ. .

1 -За маргааш нэг хадмынд очьё доо...тэтгэврийн зээл авчихсан юмны бараа харахаа байлаа гээд байсан, жаал мах шөл дөхүүлж өгье дөө.

2 -Хуучиндаа байгаа юу? Нөгөө шар дэрсний тэнд.

1 -Тийн хөө, манай хүн нүүлгэж авчирна гэсэн өнөө хоёр чинь бас болоогүй ээ нэг айлд малчин хийхээр болоод намар хүртэл больсон гэсэн.

2 -Цалин нь хэдийн.

1 -Өө яахав, 300 мянга юм гэсэн. Хаяандаа яахав дээ, тэр хоёр өдрийг барж ядсан улс.

2 -Нас нь нэлээн дээр гарсан байх аа тээ.

1 -Ээж бол гайгүй ш тээ, 60 гараа л явж байгаа. Хөөш өнөө Элбэгээгийн ээж өнгөрсөн гэнэ

2 -Ямар ....?

1 -Элбэгдорж ерөнхийлөгчийн ээж, өндөр настай хүн байсан байх зайлуул.

Өдөр хөгтэй хө, Насаа залгаад нөгөө Эбийгийн ээж өнгөрчихөж, дуулав уу гээд. Би чинь бүр гайхаад, бодоод, нөгөө Чанцаагийн хадам, нөхрийг нь Энхбилэг билүү хэн билээ. Тэрний хөгшнийг л ойчоод өгсийн болов уу гээд, би өчигдөрхөн тэр хөгшинтэй уулзсийн. Бүр гайхаад, хэзээ вэ, өчигдөр л зүв зүгээр л байсийнш тээ гээд..кк тэгсэн нөгөө мангар чинь, үгүй ээ Элбэгдорж яагаав, ерөнхийлөгчийн ээж нь гэж том юм ярьдаг байгаа кк, тэгж нэг будилсан ш тэ, тэр муу хөгшин мөнхөрсөөн чааваас.

2 -ккк ,тэгж хэлэхээр чинь андуурахаас яахав дээ, өөн тэгээд Ерөнхийлөгчийн ээж зайлуул бурхан болоо юу...

1 -Харин тийн гэнээ, олон хүү өсгөсөн гээ биз дээ,

2 -Овоо насалсан байх аа, тэр жил нэг зурагтаар гараад байл уу яалаа зайлуул, буянтай хөгшин юм даа, хүүхдээ төр толгойлохыг хараад.

1 –Тийн шүү, нөгөө ерөнхийлөгч хүү нь тэгээд хажууд нь байж толгойг нь түшиж чадсан л байх даа.

2 -Харин л дээ, хүү охид нь том явлаа гээд, харин бараа сураггүй, завгүй гүйгээд олдохоо больдгийн биш үү. Ерөнхийлөгчийн тэр муу хөгшин тэгээд ойчсон гэсэн, нэг их өвдөж зовоогүй бол ч яахав, настай хүн, сайхан хүү нар төрүүлээд сайн явахыг нь хараад, энэнээс илүү буян гэж хаа байхав зайлуул, ум мани бадми хум гэж.

1 -Өө хуучны буянтай улс тэгээ л сайхан, цагаа болохоор чимээгүй явчихийм доо. Манай муу буурай чинь цайгаа ууж суугаад л явчихсан ш тэ. Одоогийн мань шиг өвдөж хавдаж хавь ойроо зовоохгүй.

2 -Харин, зургаараа л юм даа.

1 -За миний дүү, наад хашаа руу нь ороод зогсчихоорой, чамайг гарахаар бас мөнгө авах гэх байх даа наадуул чинь, за болно болно, тэгээд зогсчих за хэдэн төгрөг болов...

.

Хөдөөний байрын цагаахан хоёр эмэгтэй ийн хуучилсаар буулаа. Хотоос жаал юмаа базааж аваад буцаж буй бололтой. Монголын элэгт нэг түмэн олон, тэдний сайхан ээжүүд Ерөнхийлөгчийн ээж бурхан болооч Б.Хонинхүү гуайн араас маань шивнэж, зул өргөж л байгаа юм байна. Ум мани бадми хум. . 2.Баарны спонсор Ахаа энэ замын урд нэг саунтай газар байдаг, мэдэх үү гээд 30 гаран насны бор залуу суулаа. .

З -Би дээр нэг ирж байсан байхгүй юу. Хэдэн охидтой газар, та юу ч болсон урд замдаа ороод яв даа ...

Бид хоёр 10-р хорооллын урд замд ороод салсан зам бүрээр орж өнөөх буудлыг нь нэлээн хайлаа.

З -За байз түр зогсоё, бодоодхоё. Яг энэ хавьд л байсиймаа. Манай хадмынх чинь энэ хойд байр байхгүй юу. Би өглөө нь гараад шууд хойшоо алхаад орж байсийн, сонин юм аа нүүчихсэн юм болов уу...

Т -Харин тэгсэн байх аа, нэлээн  хайлаа тээ, өөр газар байхгүй юм уу дүү.

З -Ах та харин мэдэх үү, дүүдээ хань болоод нэг хүүхэн олоод өгчих, би танд таксины мөнгөө бол хангалттай өгнө ш тээ.

Т -Ах нь мэдэхгүй ээ, чи найзуудаасаа асуугаач.

З -Би чинь хөдөөний хүн ш тэ даргатайгаа ажлаар ирсэн.... Та энэ утсаар яриад нэг асуугаад, зохицуулаа ч гээд нэг дэвтэр дээр бичсэн дугаар үзүүллээ.

Т -...байна уу өө миний дүү, энд нэг хүн уулзья, жоохон ууж идээд хоноё, мөнгө төгрөгөө тохирьё гэнээ.

Э/эмэгтэй/ -...аан одоо завгүй байна аа.

Т -Ер нь хэд гэдгийн нь мэдчихээд мөнгө төгрөгөө аваад очьё гээд.

Э -Хоногоор юм бол 100, гэхдээ согтуу хүн бол үгүй ээ.

Т -Урьд нь чамтай уулзаж байсан гэсэн л дээ танина л гэж байна.

Э -Өөрөө яагаад ярихгүй байгаан.

Т -Намайг ярьчих, тэгээд болно гэвэл байгаа газар чинь яваад очьё гэсэн.

Э -За за эргээд яриарай завгүй байна.

Т -Хөөш, энэ хүүхэн чинь завгүй гэж байна даа.

З -Өө муу янхан. Түрүүн юу гэвээ, 100 гэсэн үү. Дээр манай найзтай 50-аар л яваад байсийш тэ гээд залуу хэсэг бодолхийлснээ хөөш, ах хоёулаа ерөөсөө манай машин дээр очоод мөнгө авчихья, энд нэг баахан хүүхэн шавдаг бар байдаг ш тээ, энэ хойно тэнд хамт даа орьё тэгэх үү?

Т -Ах нь  амжихгүй байх аа, чамайг машин дээр чинь хүргээд өгье, чи тэгээд цаашаа аргаа бодох уу.

З -Ээ ах, би энд хүн танихгүй ээ, авгай дургүй хүргээд хэрэлдчихсэн, гэртээ орохгүй шөнөжингөө л явмаар байна, хань болоод явчих тэгэх үү.

Сониуч зан хөдлөөд явчихлаа, шөнийн бааранд ойрд ороогүй яахав нэг ороод үзье л дээ, ярих хөөрөх юмтай болох байх гэсэн шүү юм бодоод, за Ок гэлээ.

Машинаа бүр Тэнгис кинотеатрын тэнд даргынхаа гараашт тавьсан байлаа. Машиндаа томилолтын 100 мянган төгрөгөө хаширлаж орхисон гэнэ.  Уг нь Увсын нөхөр гэнэ. Одоо хойд талын нэгэн аймагт жолооч, эхнэр нь эндээ хотдоо байдаг, нэг жижиг хүнсний дэлгүүртэй. Намайг бодвол бизнестэй сүрхий эр байлаа. Ойрд хардалтаас болоод эхнэртэйгээ таарамж муу байгаа тул өнөөдөр ийн ууж гадуур хонохоор шийдэж, ганцаардаж, яая гэж байтал би таарч их л азтай үйл явдал болсон гэх мэтээр буу халсаар, машин дээр нь ирж мөнгө аваад 10-р хороолол руугаа буцлаа.

Ингээд 100 мянган төгрөгтэй спонсороо даган, бараа бологч хийн 10-р хорооллын шөнийн клубын шатаар өгслөө. Эрэгтэй 10000, эмэгтэй 5000 төгрөг гэж такс нэхлээ. Манай нөхөр ч пөөх гэж нэг давхийснээ биеэ барьж май гээд 20 мянгат сарвайлаа. Ингээд бид хоёр түм түжигнэсэн диско ая нүргэлсэн танхим руу ороод явчихав. Манай хүн надад л хөдөө царайлаад байсан болохоос тэр дотроо бол “ажиллаад” сурчихсан нөхөр бололтой. Зөөгч залууг дуудан хэдэн үг шивнээд 2000 төгрөг атгуулж байгаа харагдлаа. Тэгээд бид хоёр  уусан бүжиглэсэн олноос жоохон гэрэвшсхийн сул ширээ харж хэсэг зогслоо. Өө хүүхнүүд бол байна аа. 25-35 насны хооронд л байх гэмээр хүүхнүүд цэмцийн хавь ойрыг их л “хариуцлагатай” няхуур харна. Ихэнх нь л пиво ууж байгаа харагдана. Өнөө манай хүнээс халаасны мөнгө авсан зөөгч залуу бид хоёрыг дохин 4 хүүхэн суусан ширээнд шахан суух санал тавилаа. Би ч эрүүл хүний зовлон, ичингүйрэл гэдгээ дарж ядан өнөө залуугаа дагаад л суулаа даа.

Манай залуу суугаад л шууд меню авч 200 грамм архи, хүний тоогоор пиво гэлээ.

За ингээд л адал явдал ч өрнөлөө дөө. Манай эр “За уйдаж байна уу бүсгүйчүүд” гэж соёлтойгоор өдсөнд өнөө хэд нь “Харин тийн” гэж инээлдэн дуу ороод явчихлаа. Хальт танилцах уу...Сараа, Дулмаа, Болд, Хоовон гар барилаа, тулгалаа. Маргааш ажилтай гэж нүхээ малтаад татаж уугаад байсан би ч байхгүй ээ, дотор халаад аятайхан байхаар нь өнөө 100 граммыг ч явуулж орхилоо.

Захад суусан нэг зожигдуу хүүхэнтэй яриа өдөх гэж үзлээ.

...Энэ зүгээр газар байна шүү  гэсэнд өнөөх хүүхэн “Аан яах вэ, чимээ ихтэй ярьж болохгүй юм аа” гэж ярвайх тээршаахийн завсар хэлж намайг нам болгов. Төдөлгүй дахин ширээний “зохион байгуулалт” хийгдэж байгаа бололтой дахиад хоёр нөхөр нөгөө талаас шахаж суулаа. Ингээд харсан өнөө жендерийн асуудал тэгшрээд явчихав бололтой. Бүжгийн талбайг тойроод янз бүрийн л хүмүүс суусан байна. Эсрэг ширээнд хамт олноороо яваа бололтой залуус эр эмгүй инээлдэн хөгжим дуугарвал бүжиглээд л сайхан харагдаж байна. Ер нь ингэж халтуур хийж явахаар хамт олонтой болж ажил ч хийдэг юм уу гэсэн шүү юм бодож эргэн ширээндээ анхаартал, манай залуу алга, хүүхнүүд ч бүгд л сууж байна.

Бүжиглэж байгаа хэд рүү хартал хоёр гар нь гозолзоод авч өгч байна. Хүүхнүүдийн урдах пиво дууссан тул миний талд харьяалагдаж байгаа хоёр хүүхэн над руу байн байн ширэв татан анхааруулж эхэллээ. Гэтэл зөөгч залуу меню авчирч урд тавьчихлаа. Шахаанд орлоо. Нөгөөдөх нөхрийн 100 мянгын лав 50 нь түрүүний захиалгад явчихсан санагдаад байдаг, нөгөөдхийгөө хүлээн гүрийлээ. Бүжиг гурван ая дамжин явсны дараа нэг юм түр завсарлатал нөгөөдөх маань ширээндээ ирдэггүй. Хайж хартал нэг хүүхэнтэй инээд алдан цаашаа өөр ширээ рүү явж байна. Би өндөлзөн гараараа даллав. Юун надтай манатай нэг хижээл хүүхэнтэй инээд алдаад хундага тулгаад сүйд. Зөөгч дахиад хажуугаас “Ахаа юу захиалах уу” гэж байна. ...би ч толгой мэдэн 3 пиво гээд л тавьчихлаа.

Тэгээд нөгөөдөхтэйгээ санхүүгийн асуудлаа тулж ярилцахаар шийдэн, бие засья гэсээр бослоо. “Нойл” хавьд ч юм юм л болж байна. Үүд хавьд хоёр залуу хос үнсэлдэж байх бол цаахна нь 3 хүүхэн өнгөрсөн хүмүүсийг тун муухай харж байна. Цаана нь нэг залуу хүүхний нүүрэнд тулах шахуу л зогсчихсон ямар нэг зүйлийг тайлбарлаж ойлгуулах гэж улайран ярих юм. Ширээн дээр олны хажууд ярьж болохгүй нарийн зүйлсээ энэ “нойл” хавьд яриад шийдчихдэг бололтой юм. Харин тамхины утаа алга даа, сайхан.

Тэндээсээ өнөө залуу дээрээ очлоо. Нэлээн больжээ. Хөөш хоёулаа гарах уу, ширээн дээрээ ирээч ээ, тэнд хүүхнүүд хүлээгээд байна гэвэл аан тэд нар бүтэхгүй ээ, нэгнийх нь нөхөр ирж авна тэгээд бөөнөөрөө найзындаа очно гээд байна лээ. Харин тэр чиний хажуудах бол магадгүй шүү.

Т -За тэр яахав. Тооцоогоо хийе тэгэхгүй бол...

З -Тэр сүүлд суусан хоёр дурак хийхгүй байна уу гэж байна. Бид хоёрт захиалсан архи пивоны тооцоо байгааг учирлавал ..мань эр: за за намайг барменд нь заагаад өгчих би хийчихье гэснээ... дохин өөртөө орйтуулснаа, хажуудах хүүхэн рүү зааж эрхий хуруугаа гозойлгон нүд ирмэснээ, намайг суул даа гээд шахаж зай гаргалаа.

Хүүхэн над руу харж инээмсэглэн, өө за манай Чинээгийн найз уу, аль эсвэл хадам ах нь уу гэж инээд алдаад, за наадхаа нэг барь л даа гэлээ. Цайрсан хэрэг нэг татаа л тавьчихлаа.

Энэ танай найзыг би урьд танихийн билээ. Бид хоёр их сонин таарлаа, амьдралд тийм юм байдаг штээ тэ гэснээ эргэж Нараа хөөе тийм биз дээ гээд цааш харж юм харах бүсгүйг чангаалаа. Нөгөө хүүхэн нь хальт аанхан гээд цааш залуутайгаа яриагаа үргэлжүүллээ. Хараад байсан би ер нь явах болжээ. Манай хүн ч хань ижлээ олсон бололтой. Яаж зүгээр байхав босч бас нэг бүжиглэх гэж үзлээ. Шөнө 3 цаг болж байхад энд бол хүн шингэрэхгүй улам л нэмэгдэж байдаг юм байна. Нөгөө эхний ширээ рүүгээ хартал хүүхнүүд ч алга огт өөр 3 залуу сууж байгаа харагдлаа.

Шинэ танилтайгаа толгой нийлүүлэн ярих, үнсэлдэхийг зэрэгцүүлэх “спонсороо” хэсэг харж суугаад залууг татан би явлаа шүү гэвэл мань эр аанхан гээд цааш эргэлээ. Гадаа гартал утас дуугарлаа.

Байна уу, нөгөө түрүүний охин байнаа, одоо л завтай болж байна. Та хоёр хаана байгаан гэлээ...

Их хотын амьдрал ч шөнө буцалж өгөх юм аа.

Эргээд орлоо. Нөгөөдөхөө хайтал алга. Тэгтэл манай хоёр “нойл”-ын өрөөнөөс гарч ирж харагдлаа.

Нөгөө охин чинь яриад байна гэвэл мань эр ямар охин гэж над руу гайхасхийснээ...аан тэр яах вэ, мөнгө мултарсан шүү, буудал хэд гэх бол цуг гарья, нэг буудалд хүргээд хаячих тэгэх үү гэлээ.

Би уучихсан хоёулаа такси барья, би мөнгийг нь төлье гээд нөгөө хүүхэнтэй нь авч гарлаа. Манай хоёр хоёулаа их согтжээ. Хүүхэн “Чинээ би чамд итгэж байгаа шүү, би биеэ үнэлэгч биш шүү ....”.

Бид 3 нэг такси барилаа. Дүү, энэ хавьд хямдхан буудал юу билээ, хүргээд өгөөч гэлээ. Нөгөөдөх хүү ч нүд нь сэргэн “Хэдийн буудал авахийн” гэлээ. Манай нөгөөдөх хажуугаас 15, 15 шүү гэж намайг нударлаа.

За за гээд дүү жолооч хөдөллөө. 1-р хороолол руу арын замаар авч давхиад эгнэсэн баахан буудлын үүдэнд ирж, за энэ л арай хямддаа 3000-ийг өгчих гэлээ.

Мөнгий нь төлөөд бид 3 буулаа. Нөгөө нөхөр маань над руу харж “за би орчихоод ирье, гайгүй бол хоночихьё, юу ч болсон байж байгаад яваарай, тэгэх үү” гэсээр орлоо.

Хүүхэн -Чинээ чи намайг хаана, юунд аваад ирэв ээ, ёооё буудал орохгүй ээ гэсэн ч залууг сугадан алхлаа.

Манай хоёр ч дээшээ гараад таг болов.

Буудлын үүдэнд нэг хүүхэн манаач адил гадна талд нь сууж үлдлээ.

Т -Чи буудал ажиллуудаг юм уу, ашигтай бизнес байхдаа гэж би яриа өдлөө

Х -Ашигтай бизнес хийж байгаа хүн ингээд гадаа сууж байх уу, зүгээр л түр ажиллаж байгаан.

Т -Аан чөлөөт цагаараа ажиллаж байгаан юм уу.

Х -Та яасан сахилгагүйтэх гээд байгаанмуу. Хүүхэнгүй ганцаараа бол бүтэхгүй ш тээ ккк.

Т -Танай буудал орлого хэр байна.

Х –Өө, ойрд дандаа энэ хавийн юмнууд ирээд орлогогүй байна.

Т -Энэ хавийнхаа хүмүүсийг оруулдаггүй гэж үү.

Х -Үгүй ээ,  янхнуудыг л оруулдаггүй байхгүй юу. Бөөн хэл ам, маргааш нь хулгай гарлаа, зодоон хийсэн гээд цагдаа дуудаад салахгүй ёстой лайтай.

Т -Яаж янхан мөн бишийг нь ялгаж таних вэ, айн.

Х -Саппорогийнх бол андашгүй ээ.

Т -Чи тэгээд бүгдийг нь таньдаг юм уу.

Х -Би ч сайн танихгүй л дээ, манай босс бол гаргаахгүй ш тээ.

Т -За за, түрүүний ордог бол янхан биш биз дээ.

Х -Хэн мэдэхэв, би лав хараагүй л юм байна. Манайх ер нь согтуу хүн авахгүй байгаа. Гэхдээ яахав саяны хоёр чинь гайгүй юм шиг байхаар нь ...

Т -За за, чи ер нь бол хүнийг гаднаас нь хараад ерөнхийд нь багцаалдаг болчихсон юм байна л даа тэ.

Х -ккк гайгүй ш тээ.

Ингээд гадаа юм зарж байгаа юм шиг шөнөжингөө буудлын үүдийг сахиж, онгорхой ажиллаж байгаа гэдгийг зарлаж гадаа суудаг, өвөрмөц бас хэцүү ажилтай нэгэн бүсгүйтэй хууч хөөрснөөр миний энэ шөнийн гэнэтийн шоу өндөрлөсөн юм.

.

Эцэст нь хэлэхэд, тэр шөнийн клубт бол сайхан тааруулаад ууж идээд, бүжиглэж хөгжилдөөд гарч байгаа залуус, хүүхнүүд зөндөө л байна лээ. Энэ бичлэгээс болж эхнэр нөхрөө ганц нэг оройтоход нь бүү хардаарай гэж гуйя даа. Харин охид оюутнуудаа сайн харж, шөнө орой юу хийгээд хэнтэй яваад байгааг нь харж хянахаа өндөржүүлэхгүй бол болохоо ч байсан харагдаж байна шүү. Шөнийн хотын ор хөнжлийн зүй бус явдлыг хөгжөөгөөд яваа охидууд олон болсон байх шиг байна. . Үргэжлэл бий... Таксич Хоовон хөх  /2013.08/
Shuud.mn
Сонин хачин
otgoo:
1-7 doh uguulleg ni haan bgaa yum be
2013-09-11
ABC123:
Yag l amidral deerh yumnuud bna. uneher sain bichjee. neeree taksind ichj zovolgui buh yumaa yarij shiideed gardag. taksind orood ch ih yum amjuuldg shuuu.
2013-09-09
ed bgarai:
Goy bichij bna amjilt ahaa bicheed bgarai
2013-08-10
boldoo:
mash goyo unen bodit amidralaas tasraagui bichleg bna daa Bayarlalaa Muuhan zohioloos ch deer bna hehehe
2013-08-08
yo yo:
mglchudin amidral yaamr muuhai yum be
2013-08-08
hulguu.:
ahiad ihiig bicheeree. . . . aMJILT.
2013-08-07
Otgoo:
yuni umnu zohiolchid udriin mend.suuliin 8 dahi n soniroltoi bas hugjiltui baisan uchraas bugdiig n ajlaa aldan baij unshlaa.Ushuu olon niitlel bicheerei amjilt husey.
2013-08-07
Saraa:
Bayarlalaa goyo bla.haltuurta sn yavj sonin hachin ihiig duulgaj bgaarai
2013-08-07
kk:
goyo bichjee.
2013-08-07
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг:n tamir46@yahoo.com
2013-08-07
зочин:
юу гэж дээ, нас тогтож байгаа хүмүүст тийм зүйл байдаггүй юм, чи өнөөгийн залуу болохоороо өөр шигээ бодоод байна доор бичсэн хүн гуай
2013-08-07
hoovon:
хоовон гуай та ч гсн нэг хуухэнтэй бавалцаж хоносон л байж таараа ш дээ уу
2013-08-07