Такси №13
2013-08-28

1.Босс ээж

.

“Яасан ч муухай тостой торонд хийгээв дээ” гэж хөтлөн суулгах хүүхнээ аядуухан зэмлэснээр урд суух настай эмэгтэй “За сайн уу хүүхээ, Жуковын музей хүрнэ дээ” гэлээ.

Дайвар бүтээгдэхүүн зардаг, энэ хүчит шонхор хүнсний захтай нас чацуу шахуу хүндээ гэж өөрийгөө товч танилцуулсан анай маань яриа нэгэн байлаа.

Тэтгэвэрт 20 жилээр нэг баахан амьтан гаргасан ш тээ, тэр үеэр л залуугаараа тэтгэвэрт сууж балраад. Тэгээд энэ зах дээр сууж эхэлсэн дээ. Дайвар бүтээгдэхүүн олон жил зарж байна. Одоо ч дороо хэдэн ажилтантай болсон гээд ам хуурайгүй ярих шинжтэй.

.

Т -Та өөрөө цалинжуулдаг хэрэг үү?

З -Өө тийн тэд нар миний лангууг харж юмыг маань зарна. Би цалин өгнө, өдрийн 20 мянга өгдгийн.

Т -Та чинь тэгвэл ажлын байр гаргаж байгаа сүрхий л хүн байна даа?

З -Өө яахав дээ, намайг бараадаад байдаг ажилгүй хэдэн хүүхэн шуухан бий. Одоо бол 2 хүүхэн миний лангуун дээр ажиллаж байна даа.

.

Миний дүү хойгуураа яваад хэрэггүй ш тээ бөөн бөглөө гээд утсаа гаргав.

 .

“Өө за, миний хүү хаана гэнээ аан, Туул гол руу орж ирж байна аа. Аан за манай хоёр ингэсгээд хоол унд аваад чам руу гарна гэсэн за тэгээрэй за” гээд утсаа халаасандаа хийнгээ “Энэ манай хүргэн нөгөө лам байхгүй юу...тэгээд сая их холоос даяан хийж яваад ирж байгаа юм, одоо Туул гол руу явж байгаан” гэлээ.

.

Т -Наадмаас хойш махны үнэ нэлээн бууж байна уу даа?

З -Шалиагүй ээ, тав, зургаан зуун цаас л буусан байх. Бид ч яахав адилхан ш тээ. Мөнгө мөнгө болохгүй байна. 100 цаас арай гэж олоод хармаалаад дэлгүүр орохоор юм авч шалиагүй л алга болчихож байна. Гэхдээ яахав олны буян оломгүй гэж болж байна аа, муу хэлэхгүй. Намайг чинь олон жил болсон болохоор бас их харж үздэг юм, энэ зах. Түрээсээс чөлөөлөөд намайг, тэгээд энэ дайврын 100 гаруй хүн байдгийн. Тэрийгээ хариуцсан даамал гэх юмуу даа, ерөнхийд нь харж, хаая хүүе гээд сууж байдаг. Хөл муудсан болохоор чинь. Гэхдээ яахав тэр зах дотроо бол алхаад холхиод байна шүү.

Т -Танай захынхан ер нь эрт ирдэг байх шүү?

З -Өглөө 3 гээд эхнийх нь ирж байгаан, би ч тав гээд л очдог.

Т -Хамгийн сайхан гэдэг юмуу, ашигтай  орлоготой үе нь хэзээ байв даа?

З -Анх л зах нээгдэж байхад сайхан байж дээ. Мах нь ч хямдхан, хүмүүс мөнгөө гаргаад л махаа сайхан авчихдаг, зовлон тоочоод байдаггүй байж. Одоо ч хэцүү их л шаналж бодож байж жоохон мах авах юм чааваас. Тэр нь тэгээд л 100 мянга болчихийн.

Т -Дайвар махыг тэгээд хүмүүс их авах уу?

З -Өө авна авна. Одоо мах нь өсөөд хүмүүс чинь манайх руу их орж ирдэг болоод байна шүү. Уг нь жинхэнэ шим тэжээлтэй хоол шүү дээ. Орги гэдэг бил үү, шим шүүсээрээ байдаг.

Хонины элэг, сархинаг хавдартай хүнд сайн гээд л асуугаад явж байхийн. Тархи байна уу гэнэ. Дотор юмнууд чинь элгэнд сайн гэнэ гээд л үхрийн нүд байна уу, одоо сүүлийн үед нойр булчирхай байна уу гэж байхийн бас адууны тархи байна уу гээд л явж байх юм.

Т -Өө за за тэгвэл дайвар ч эмчилгээ тал руугаа хэрэглээ болж байгаа юм байна даа.

З -Тийн, манайх чинь уламжлалт хүнсээ сайн гээд мэддэг болж. За, өөх авах хүн харин  ёстой байхгүй болсон доо. Одоо өдөрт чинь машин өөх хаяж байна ш тээ.

Т -Пөөх тийм их үү, шууд ялгаж шулаад хаяж байгаа хэрэг үү. Хайран юм болдгийн байна даа.

З -Одооны хүмүүс чинь тэгж өөх шахаж тос гаргаж хураана энэ тэр гэж алга, хөдөөнөө яаж байдгийн. Хотынхон бол үгүй, өөхийг тэгээд машинд нийлүүлж ачаад хаяж л байна ш тээ, одоо.

Тэгээд малын тос хортой гээд зурагтаар сурталчилсан, тэгэхээр одоо хаяхаас яахав. Өнөө есийн тос гэдгээ зарах гэж тийм юм ярьсан байх. Тэрнээс бид багаасаа л өөхөн тосоор боов хайрч идэж ирлээ муудсан юм алга. Тэр зориуд хийсэн сурталчилгаа гэдэг байх аа.

Т -Та тэгвэл энэ талаар телевиз хэвлэлээр яримаар юм байна даа.

З -Харин тийн ярьмаар л байгаан  ...ярина даа тэгж байгаад ... хэсэг дуугай явснаа эгч “точ”-той утсан дээрээ сурмаг шалмаг аргагүй нь ажиллаж нэг тийш нэлээн хэд залгалаа. Тэгж тэгж нөгөөх нь утсаа авав бололтой.

“Нараатай ярья даа, утсаа авахгүй ядаргаатай юм аа. ... аан чи тэр Зоригоод юмаа хүлээлгэж өгөөрэй, одоо өгөхгүй бол цаадах чинь авахгүй гэнэ шүү. Тийн би наана чинь хоёр ууттай үхрийн хэл гаргачихсан байгаа, тэрийг хийгээрэй. Одоо юмаа оруулж эхэл, аймаар их юм байгаа за ...”

Т - Үхрийн хэлийг их хүмүүс авах уу ?

З -Закуск салатанд их авна ш тээ.

Т -1 кг нь хэд гэх үү?

З -13000 байхаа. ...пөөх энэ бөглөөг ээ, за өөр зам байхгүй юм чинь одоо яахав ....За байз охинтой нэг ярья ...эд нар ингээд утсаа авахгүйн.

 .

Энэ жил овоо юм хийж байнаа, зам уулзвар засаад л, тэр хүй долоон худагт чинь том стадион барина гэсэн үү...би ч хөл муутай болохоор захад нь очиж хуушуураа идчихээд л буцсан.

.

Т -Та хөлөө эмчлүүлж байгаа биз дээ?

З -Аан эмнэлгийг гүйцээсэн, одоо тойг л солиул гэсэн.  Намар сэрүү орохоор тэрийг нь солиулахаас. Үнэтэй юмаа хоёр тойг чинь 12 сая гэсэн, нэг нь зургаан сая. Үнэтэй ..яахав гэхдээ нийгмийн халамжаас бараг 80 хувийг нь төлөх юм шиг билээ. Тэгвэл ч баярлахаас өөр аргагүй ...

Хагалгаа хийлгэх ч яахав, тэгээд дараа нь юм хийхгүй хэсэг хэвтэхээр яана даа гэж бодохийн. Би ч угаасаа хөдлөөд л байвал зүгээр, гэрт жоохон суухаар өвдөөд салахгүй. Манайх чинь уг нь Баянхошуунд байсийн. Энэ хавар тэгээд ийшээ байранд орсон бүр л зүгээр суух тал руугаа яваад байна. Хүүхдүүд хагас нь энд, хагас нь тусдаа байна. ...хөөе энэ машин унтарч дээ. Жолооч нь хүүхэн хүүхэд байх шив... тийн байна. Жолооч охидууд бүтэхгүй ээ ...эртээр манай охин машинаа бариад бид хоёр явсан, гэнэт л унтарсан. Манай охин хамрыг нь сөхөхөөс цаашгүй таг мэдэхгүй, зам дээр бөглөө үүсгээд. Тэгээд хүүг дуудаж үзүүлээд нэг юм чирүүлж явсан. Тэр урд байдаг нэг резин нь тасарсан байна гэсэн. Хээ, манайхан дэндүү. Аргагүй унтарчихаад байхад чинь хараагаад л сигналдаад зүхээд чухам хэцүү юм билээ. Бас хүн байна даа ирээд түрээд өгөх болов уу гээд хүн хараад, ёстой үгүй болсон байна лээ. Дахиж тэгж унтралтгүй ккк.

Би ч тэр мотор цохино гэдэг нь болсон юм байх гэсэн чинь гайгүй тэр резин нь тасарсан гэсэн шүү .. яамай даа гээд л залбирсан.

Т -Та  бурхан хэр шүтэх үү?

З -Аан залбирнаа залбирна, манай хүү энэ хойд хийдийн хамба. Баянхангай төрийн минь сүлд залбирч явахаас өөр юм байхгүй, би ч залбираад л байдгийн.

Т -Түрүүн таксинд суулгадаг таны охин уу?

З -Үгүй ээ, тэр чааваас хоёр хүүхэдтэй нөхөр нь өнгөрчихсийн. Тэгээд намайг дагаад нэг амьдралаа залгуулдгийн. Намайг чинь Босс ээж гээд л явуулж өгнө. Би яахав өдөрт нэг 20-25 мянган төгрөгийн цалин өгдгийн. Тэгээд л намайг цаашлуулж байхгүй юу. Загнуулаа л явж байдгийн ядарсан амьтан, өөрийхөө хүүхэд шиг загнадгийн би. Нөгөөх хал авахгүй ээ инээгээд л байдгийн ...

 .

Хүчит шонхор захыг чинь нөгөө зохиосон гэдэг шиг хүндээ би гэж мишээх дуу хууртай 60 дөхөж байна гэх эгч Жуковын музейгээс хойш баригдаж байх шинэ байрны гадаа буулаа. Яриа хөөрөөтэй, хавь ойрынхоо хэдийг тас тас командлах эгч үнэхээр” Босс ээж” гэдэг нь мэдрэгдэж байлаа.

Өдөр болгон машинаараа хаягдаж байгаа тэр их хаягдал өөхийг юм болгох талаар нэгийг бодох хүн байвал холбогдоорой. Би босс эгчтэй холбож өгнө шүү .

 .

2.Барон Унгерний цаг

 .

Яаж зүгээр байхав .Элбэг дэлбэг олддогоор нь нэг согтуу зорчигчтой таарлаа.

Нэлээн халуун байсан боловч хар савхин хүрэм өмсч, үсээ толийтол гийлдсэн дунд хэрийн насны залуу суугаад “За байз ах бодоодхоё” гэснээ “За Саппоро орьё доо” гэлээ. Замдаа мань эр “ах хуучны юм сонирхдоггүй биз” гээд өврөөсөө нэг овортойдуу зүйл гарган задлаад дотроос нь ширээний бололтой нэг дөрвөлжин цаг гаргаж ирээд над руу харууллаа. “Мөнгө хэрэг болоод энийг зарах гэсийн, та арай авчих юм биш биз дээ” гэж над руу сарвайлаа.

Саппорогийн үүдэнд зогсоод би цагийг авч үзлээ. Нэлээн эртний бараг л 1930, 40 оны гэмээр хуучны цаг байна.

.

З -Наадах чинь явж байгаа биз дээ?

Т -Тийм байна, энэ тэгээд ямар үүх түүхтэй цаг вэ айн.

З -Аа наадах чинь түүхийн үнэт эд шүү, манай өвөөгөөс л манайд байгаад байгаа. Яг бол Барон Унгернийн өвөрт явдаг цаг байсан гэсэн. Түүх мэддэг оросуудад зарвал ч шууд л нэг өрөө байр л даа.

Т -Пөөх тэгээд ийм мундаг түүхэн юмыг чи заавал зарах гээд байдаг. Хадгалаач.

З -Би харин ч удаан хадгаллаа. Энэнтэй цуг бас нэг халаасны, нөгөө таг нь онгойдог цаг бас байсан. Тэрийг нь манай ах хүү нэг замын хятадад зарчихсан.

Т -Хэдээр?

З -Сая таван зуугаар гэсэн байх аа. Тэр бол янзын цаг, ах нэг кино байдаг ш тэ. Оросын нэг 4 цовоо бацаан цагаантнуудыг нам аваад л тэрэн дээр нэг тийм цаг гардгийн яг тэр.

Т -Хайран юм. Хосоор нь байлгаж байхгүй, тэгсэн бол овоо үнэ хүрэх байж дээ.

З -Харин тийн, ах тэгээд авах уу ?

Т -Чи тэгээд яг хэдээр өгөхийн?

З -... Яг шулуухан ахад бол, за ...зуун мянгаар л өгчихье.

Т -Уг нь үнэхээр ховор эд юм. Даанч тийм мөнгө алга даа.

З -... Ээ, манайхан ингээд ...хэрэг байхгүй ш тээ. Хүнээ олохын бол зүгээр гуйлгаад л саяар өгнө дөө гээд надад мянган төгрөг сарвайгаад хаалга саван ууртай бууж Саппоро төвийн үүдээр хөлхөх түмэн олны голоор орон алга боллоо.

 .

Үнэн бол миний бие Барон Унгерний хоймроо залж байсан цагийг барьж үзсэн азтаны нэг болох шиг боллоо.

 .

3.Тэрүүгээр явсан гайг үүгээр дуудав

 .

Өнөөх зах шатдагийн хөлд дам нэрвэгдсэн гэх нэг хүүхэн амьсгаа өндөр суулаа.

.

З -За хө, Нарантуул руу дөхүүлээд өгөөч.

Т -Өөрөө зах дээр байдаг уу, шатаад бөөн л юм болж байна уу?

З -Өө тэгж л байх шиг байна. Би ч цаана нь шил шаазан дээр зогсдогийн, маньд нэг их хамаагүй л дээ. Гэхдээ хамаатай болоод байх шиг байнаа.

Т -Яаж байна, нэг хашаанд болохоор нөлөөлөх л байхдаа.

З -Тийм юм байна, сая энд дэлгүүр дээрээ байж байсан чинь, энэ 13- т манайх нэг жижиг дэлгүүртэй юм. Тэндээ өнждөг юмуу гээд байж байсан чинь манай худалдагч дуудаад “манай лангууг өөр тийш нь шилжүүлнэ гээд зөөх гээд байна гээд” тэгээд очиж явна.

Т -Тэгж хамаагүй шилжүүлж болох уу, гэрээ энэ тэр байгаа биз дээ?

З -Аан тэр гэрээ ч мөнгө л авах гэрээ ш тээ, худлаа. Одоо тэгээд хаашаа шахаж байгааг нь очиж харахаас.

Т -Нүүхгүй, ашиг орлого муудна гээд адилхан эрхээ хамгаалах гэвэл яадгийн.

З -Ойлгомжтой ш тээ, арын хүн чинь байгаа. Тэгвэл гар л гэх биз.

Т -Ингэж чихэлдэж байхаар тэр урд Дүнжингарав руу нь орчихож болдоггүй юм уу?

З -Үгүй ээ, тэгээд эндээ юмаа зараад сурчихсан болохоор чинь, байнга авдаг хүмүүс ч ихтэй. Тэгээд тэр Дүнжингарав нь хүн тааруу байна гэсэн ш тээ.

Манайх зах дотор нэг агуулах контейнертэй. Тэр мэрийгээ бодохоор эндээ л баймаар байгаан.

Т -Гал ер нь юунаас гарав, хүмүүс  янз бүрээр л ярьж байна.

З -Аан орой, архичидтайгаа уусчихсан харуул манааныхнаас гараа биз. Архичиндаа эзлүүлчихсэн газар ш тээ. Зүгээр л хэд хоног хаагаад тэр замыг нь засуулчихдаг байсийн. Худлаа зүгээр маяглаж байж, баахан юмнууд хоноод л, архидаа биз. Түүгээр яваа гайг үүгээр дуудаад. Одоо бид нар бас шахагдаж гадаа гудманд гарч байх шиг байна.

Т -Та нарыг нүүлгээд хүнсний захынхандаа зай гаргаж өгч байгаа юм уу?

З -Одоо тэгж л байгаан байлгүй санаа нь. Тэр хүнс нь тэгээд шороо тоостой холилдоод гадаа зарж болох л юм байх даа. Бид нарын шил шаазан бол яахав дээ.

Т -Бөмбөгөр шиг дахиад шинэ төв удахгүй барих байлгүй дээ.

З -Харин л дээ, өнөө Сайхансамбуу нь та нар захын байшин босгох газрын зөвшөөрлийг нь гаргуулаад ир. Би тэгвэл хэд л бол хэдэн давхар сайхан зах бариад өгье гэсийн биш үү.

Т -Өө тийм үү бас.

З -Тэр нөгөө хошгируулна гэдэг байх оо кк. Одоо тэгээд яацгаахийн байгаа. Энэ хүнснийхэн угаасаа хэл амтай дотор нь баахан гоо сайхан бас байсийн ш тээ. Манай нэг хүүхэн гоо сайхантай, овоо юм нь шатаагүй үлдсэн авах гэхээр өгөхгүй байна гэсэн.

Т -Яагаад?

З -Аан мэдэхгүй, чанаргүй үнэр орсон буцаагаад зарж болохгүй энэ тэр гэсэн гэв үү дээ. Нэг буцааж өгнө гээд, өгөхгүй гээд мэдэхгүй ээ, бантангийн л юм ярьцгаагаад байгаан билээ.

Т -Та нар ч тэгвэл хэл амтай л байгаан байна даа.

З -Одоо энэ хүнснийхээ хэдийг нэг тийш нь шийдэхгүй бол дам дам биднийг шахаад ёстой заваарч байна. Эд сонин ш тээ хөгийн. Гадаа ил хүнсний юм заруулахгүй гээд л хөөж туугаад байдаг байсан улс, одоо хамаагаа алдчихсан гадаа талбайдаа хүнснийхнийг багтаах гэж чихээд л. Хачин, ямар ажил гэж ийм байдгийн, одоо болохгүй бол дэлгүүрээ л томсгохийг бодохоос.

.

Гэхдээ зах өөр л дөө орлоготой. Одоо хурим найрын сар эхлээд бид чинь нэг жоохон юм хиймээр байхийн, ингээд бужигнуулаад байх нь төвөгтэй юм...

.

Нарантуул захын буланд 6 жил зогссон гэх бүсгүй ийн бухимдуухан яриа хөөрөө өрнүүлсээр захын ойр ирээд буулаа. Энэ алгын чинээхэн зайд хамаг л амьжиргаа наймааг чихчихсэн захыг хараад дотор муухайрах шиг боллоо. Энэ зах руу хааяа нэг явахаар л бөөн уур бухимдал болсон л хүн таарах юм даа.

 .

Их хотын амьдрал ч халж байна шүү.

 .

Сүүлд нь сонин дуулгахад, өнөөдрөөс нөгөө гоё симфортой таксинууд лав км нь 1000 болж байгаа гэнэ. Албан ёсоор Магнай дарга нь хүртэл дэмжээд хурал хийж зарлаж мэдэгдсэн гэнэ. Мань одоо яахийн, дагаад 900 төгрөг гэсгээд явахаар өнөө суудаг хэд маань муужраад уначих юм уу, боогоод унагаачих юм уу, бүү мэд.

 .

Юмны үнэ өсөөд байдаг. Хүмүүс ойрд бухимдал ихтэй байна. Түрүүний Барон Унгерний цаг зардаг нөхөр шиг сайхан бодох санах юмгүй байвал амарч юм шиг. Гэхдээ тийм зорилгогүй ууж идэж амьдарна гэж юу байхав. Хөдөлмөрлөж зүтгэнэ шүү, хэдүүлээ.

 ....

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
zorchigch:
taksinii zoloochtoi ch buu halaad yvah saihandaa....
2013-12-19
gsgsh:
goy boljino amjilt
2013-11-10
Lucky:
Yamar dajgui site ve anh udaa orj baina saihan setgegdel yuruullee! Ta buhend ajiliin amjilt!
2013-09-30
unshigcn:
conirholtoi boljee
2013-09-22
Miigaa.B:
za gaduur dotuur yu bolood bgaa nariin shiriiniig ene uguulgees l olj medej bna Sain bichej bna shuu zarim neg heseg n yag nudend haragdtal bicheh yum aa AMJILT husii zaluu
2013-09-09
baingiin unshigch:
amjilt
2013-08-30
zochin:
saihan unshlaa.
2013-08-29
Уншигч:
Үүнийг унших дуртай
2013-08-29
oyuna:
Maliin garaltai uuh tosiig hunii biye bolovsruulj diilne, harin orchin uyeiin technolgygoor bolovsruulsan ter urgamliin tosiig bolovsruulahad 500 gradusiin temperature heregtei, hunii biye tiim dulaan gargaj chadahgui, tegeheer ali ni hortoi bna, yalanguya manai mongol maliin mah eldev himiin bodisoor bordogdoogui tul uuh tos ni hamgiin eruul uuh tos. Himiin beldmeleer malaa borddog gazar uuh ni ayultai, uchir ni buh himiin bodis uuhund ni shingedeg. Mashin duuren uuh hayadag gevel mashin duuren ecologiin tsever buteegdehuun gargaj hayaj bna daa
2013-08-29
saraa:
goyo bnaoo.yavaad bgaarai hu.huleegeed bj bya
2013-08-28
asaabuu:
sain amjilt bicheed bai
2013-08-28
магнай тагнай:
магнайн 1000аар дагнаад нэг хуудас оруулаарай захиалга өглөө шүү нарантуулаар ч дагнаж бас нэг сурагчийн дүрэмт хувцас гээд сэдэв их байна шүү хоовой хүү шуугиулаад бай
2013-08-28
Гүүд:
Амжилт хүсье. Бүх бичлэгийг нь уншсан. ер нь дажгүй шүү.
2013-08-28